
Улсын баяр наадмаар 800 орчим харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлжээ
Монголын үндэсний харваачдын холбооноос үндэсний баяр наадамд цэц мэргэнээ сорих харваачдын нэгдсэн бүртгэлийн өнөөдрийн /2025.07.01/ 11:00-с эхлэн долоодугаар сарын 4-ны өдрийг хүртэл зохион байгуулах болсон талаар ҮИБНЗБХ-ны сурын салбарын хорооны нарийн бичгийн дарга Б.Нямбаяр мэдээлэв.
Энэ жилийн улсын баяр наадамд 700-800 орчим харваачийг улсын баяр наадамд бүртгэх төлөвтэй байна. Нийт бүртгүүлсэн харваачаас ангилал тус бүрд эхний таван байрыг шалгаруулж улсын цол олгоно.
Тодруулбал, халх, урианхай, буриад сур харваад тус бүрд эрэгтэй 5, эмэгтэй 5 харваачийг шалгаруулна. Улсын баяр наадмаас нийт 65 харваачид цол, мөнгөн шагнал хүртэх юм байна.
Шагналын санг засгийн газрын тогтоолд зааснаар, тэргүүн байрт 8 сая төгрөг, дэд байрт 6 сая төгрөг, гутгаар байрт 4 сая төгрөг, дөрөвдүгээр байрт 2 сая төгрөг, тавдугаар байрт 1.5 сая төгрөгийг тус тус олгоно.
Харин өсвөрийн сурын харваанд өсвөр нас, дунд нас, бага нас, балчир нас гэж дөрөв ангилж эхний таван байрыг шалгаруулна.
Дурдвал, тэргүүн байрт 1 сая төгрөг, дэд байрт 750 мянган төгрөг, гутгаар байрт 500 мянган төгрөг, дөрөвдүгээр байрт 200 мянган төгрөг, тавдугаар байрт 187 мянган төгрөгийг тус тус олгохоор хуваарилсан аж.
Сур харваачдын цолны эрэмбийг танилцуулъя
- Нэг түрүүлбэл ”Улсын мэргэн”
- Хоёр түрүүлбэл ”Даян мэргэн”
- Гурав түрүүлбэл ”Даяар дуурьсах мэргэн”
- Дөрөв түрүүлбэл ”Дархан мэргэн цол”
- Улсын наадамд хоёрдугаар байр эзэлсэн харваачид ”Гарамгай харваач цол”
- Гуравдугаар байр эзэлсэн харваачид ”Гоц харваач” цолыг тус тус хүртээнэ.
Сурын харваа бол үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв юм.
Түүх сөхвөл, сур харваа буюу Монгол сур харваа нь монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлдэх наадам юм. Сур харваа нь өнөө үеийн Үндэсний их баяр наадмын дөрвөн төрлийн нэг бөгөөд буриад сур харваа, халх сур харваа, урианхай сур харваа гэх 3 төрөл байна.Чингис хааны дүү Хасарын 2 дугаар хүү Есүнгэ мэргэн монгол холын харваагаар 335 алд газар харваж оносон түүхийг хадан дээр сийлж үлджээ.
Монголын уламжлалт харвааны хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд байг цэцэн мэргэн оноход чиглэгдсэн зэв нүүлгэх тэмцээн юм. Зэв нүүлгэх хэмээн нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой юм. Хуучин цагт харваа нь цэрэг дайны бэлтгэл сургалт, ан гөрөө хийх дайн тулаанд ашиглах чухал зэвсэг байсан юм.
Монгол нум нь эвэр элэгтэй шөрмөсөн артай нум гэдэг нумны гол матах хэсгийг элэг гэдэг нумны хөвч рүү харсан элэг хэсгийг өвөр элэг гэдэг харин гадагш харсан хэсгийг ар элэг гэдэг ар элгэн талд малын шөрмөс задалж ширхэглэн наадаг харин өвөр элэгт үхэр янгирийн эврийг малын гаралтай цавуугаар нааж өгдөг тийм учираас монголчуудын нум бусад улсын нумнаас хүчтэй сумаа хол шиддэг байжээ.