
Улаанбаатар хотын явган хүний зам хүн бүхэнд нээлттэй мэт харагдавч хүн бүрт ээлтэй орон зай биш. Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд гудамж бол урьдчилж таамаглах боломжгүй, өдөр тутмын сорилт мэт хэвээр байна. Ялангуяа сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж буй бичил цахилгаан хэрэгсэл цахилгаан скүүтэр, дугуй, жижиг тээврийн төхөөрөмжүүд эдгээр сорилтыг улам нэмэгдүүлжээ.
Хараатай хүмүүс саадыг харж тойрч чадна. Харин харааны бэрхшээлтэй хүний хувьд энэ нь шууд утгаараа бэртэл, сэтгэл зүйн дарамт дагуулсан аюул болж хувирдаг байна.
МХҮХ-ны нийгмийн ажилтан Ч.Амарзаяа:
“Хэрвээ хардаг байсан бол тэр саадыг тойроод өнгөрөх л байсан. Гэтэл харахгүй хүний хувьд унаж бэртэх, таяг нь алга болох, газар дээрээс тэмтэрч хайх зэрэг хүндрэл үүсдэг. Ийм зүйл бараг өдөр бүр л тохиолддог. Эдгээр хэрэгсэл дуу чимээгүйгээр, хурдтай зөрдөг, заримдаа гэнэт дуут дохиогоо өгөх үед хараагүй учир хаашаа холдож өгөхөө ч мэдэх боломж үгүй. Ард талаас нь ойртон ирж буй ч мэдэгдэхгүй үед “зайгаа ав” гэж хэлэх, эсвэл шууд зандарч, хараах тохиолдол ч байдаг”
Иргэн Ж.Батноов:
“Монголчууд бид чинь цөөхүүлээ. Янз бүрийн хэрэгцээтэй хүмүүс нэг хотод зэрэгцэн амьдардаг гэдгээ ойлгоод, нэгнийхээ орон зайг хүндэлдэг л байвал болох нь тэр. Хотын соёл бол хуулиар хязгаарлагдах биш хүн чанараас шалтгаалдаг зүйл”
Цахилгаа скүүтер, дугуй, бичил тээврийн хэрэгслийг ашиглах нь өөрөө буруу биш. Харин ашигласны дараа хаана, хэрхэн орхих нь тухайн хүний ухамсар, хотын соёлтой шууд холбоотой. Шар зам дээр, гарцын ойролцоо, автобусны буудал, орц гарц хаасан байрлалууд бол хамгийн түгээмэл зөрчил юм. Ийм саад зөвхөн хараагүй хүнд төдийгүй өндөр настнууд, тэргэнцэртэй иргэд, хүүхдүүдэд ч аюул учруулж байна.
Хөгжингүй орнуудад бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг тусгайлсан зам, хурдны хязгаар, GPS бүсчлэл, дохионы дуу чимээ зэрэг техникийн болон хууль эрх зүйн аргаар зохицуулдаг.
- Германд цахилгаан скүүтэр зөвхөн дугуйн замаар явна. Хурд 20 км/ц-аас хэтрэх ёсгүй.
- Франц, Норвеги зэрэг улсад GPS-тэй “зогсоолын бүс”-тэй. Зөвшөөрсөн газар дээр байрлуулж дуусгахгүй бол унтраах боломжгүй.
- Их Британи, Ирланд-д эдгээр хэрэгслийн дуу, гэрэл, хөдөлгөөн таних систем, хараагүй иргэдийн “чиглүүлэгч зам” дээр тавихгүй байх шаардлага тусгасан байдаг.
Монгол Улсад бичил цахилгаан хэрэгслийг ашиглахтай холбоотой эрх зүйн орчин бүрэн боловсроогүй. Хотын стандарт, дүрэмд “явган хүний замын саадыг чөлөөтэй байлгах” тухай заалт байгаа ч амьдрал дээр хэрэгжих нь ховор. Зам дээр орхигдсон төхөөрөмжүүд хэний ч хяналтад байдаггүй, хэнд ч хариуцлага тооцдоггүй орон зайд оршсоор байна.
Энгийн хүнд төвөгтэй байгаа зүйл, харааны бэрхшээлтэй хүнд хэчнээн хүнд болохыг ойлгоход их зүйл шаардахгүй. Зүгээр л нүдээ аниад 10 алх.