
Шинжлэх ухаан, философид хамгийн хүчтэй маргаан дэгдээдэг нэг ойлголт нь амьтдыг мэдлэг олж авах, анагаах ухааны туршилт, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалгахад ашиглах нь зөв үү гэх асуулт билээ. Энэхүү асуултад хариулахын тулд эхлээд тоо баримттай танилцацгаая.
Тухайлбал “жил бүр дэлхий даяар ойролцоогоор 115 сая амьтныг туршилтанд ашигладаг байна. Өдөрт 274 мянга, секундэд 3 амьтан туршилтанд хэрэглэдэг.
- Хулгана 1 өдөрт 7342, 12 секундэд 1,
- туулай 1 өдөрт 42, 34 минутанд 1,
- загас өдөрт 1545, 56 секундэд 1,
- шувуу өдөрт 466, 3 минутад 1,
- мэлхий өдөрт 44, 33 минутад 1,
- усан гахай 1 өдөрт 32, 46 мин-д 1,
- нохой өдөрт 12, 115 минутад 1,
- үхэр өдөрт 14, 1 цаг 43 минутад 1,
- гахай өдөрт 12, 2 цагт 1,
- сармагчин 1 өдөрт 7, 31 цагт 1,
- муур өдөрт 7, 97 цагт 1 туршилтанд ордог аж”.
Тэгвэл дээр дурдсан тоо баримттай холбоотойгоор төсөөллийн эсээгээр асуултынхаа хариултыг хайж олцгооё.
Кафкагийн “Хувирал” нэрт туужид Грегор Замза нэг л өглөө сэрэхдээ олон хөлтэй аймшигтай шавж болсон байдагчлан уншигч та өөрийгөө анагаахын сургуулийн хичээлийн туршилтад ашиглагдах нэгэн төрлийн мэлхий болсон хэмээн төсөөлөөрэй.
Мэлхий болон хувирсан таны төв мэдрэлийн систем рүү мэдээ алдуулах тариа тарьж, хөл /гар/-ыг тастах, мэс ажилбар хийж дотор эрхтнүүдийг задалж байна гээд боддоо. Тэгээд ч зогсохгүй ээлж дараагаараа оёдол хийнэ. Мэдээж энэ тохиолдолд Дарвиныхаар амьтдын бие физиологи хүнийхтэй төстэй.
Тиймээс амьтад ч бас түлэнхий, хугарал зэрэг бүхий л зовуурийг хүнтэй адил мэдэрдэг гэдэгтэй нягт холбож ойлгох нь зөв.
Зөвхөн мэдлэг олж авахын төлөө тань дээр туршилт хийж буй тэрхүү оюутнуудад “би өвдөж байна шүү” гэсэн мэдээллийг хүргэж үл чадна гэсэн үг. Гэхдээ өвдөлт таныг үнэхээр тарчлаан зовоосоор байна.
Энэ тохиолдолд мэдлэг олж авахын төлөө амьтныг ийн тарчлаан зовоож буй анагаахын оюутнуудын үйлдэл, сургалтын систем зөвтгөл болж чадах уу. Энэ нь шударга ёс, ёс зүйт байдалд нийцэх үү гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Мэдээж нийцэхгүй нь ойлгомжтой.
Ёс зүйгүй олж авсан мэдлэг боловсрол нарийндаа хүнд өгөөж болохгүй ч байж мэднэ. Философийн хувьд хэрэв мэлхий алж мэдлэг олбол,мэлхий алдаг л хүн болох билээ. Удаах нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө хэмээх тодотголтой анагаах ухааны туршилтуудын талаар өгүүлцгээе.
Ингэхдээ та өөрийгөө мэлхий чигээр нь төсөөлөхөө мартаж болохгүй. Одоо тан дээр ямар нэгэн төрлийн вакцины туршилт хийж байна гэж бод. Өндөр тунгаар тариа тарьж, биеийн эсэргүүцэл ямар байгааг шалгаж, халууруулж, дархлааг унагаж, өсгөж байна гээд төсөөл дөө.
Энэ туршилт амжилттай болбол дэлхийн хэдэн сая хүн үхлийн аюулаас аврагдана гэх. Гэтэл амьд байгалийн бодгалийн хуулиар туршилтад орж буй “би” мэлхийнд ч бас эрх бий. “Энэ тухай санааг баталж өгсөн философич бол утилитар ёс зүйн төлөөлөгч Ж.Бентам юм.
Тэрээр “Тэд сэтгэж чадах уу? Тэд ярьж чадах уу? гэдэг нь сонин биш. Харин тэд зовлон мэдэрдэг үү? гэдэг нь чухал” (Rachels, 2015) хэмээсэн байдаг”
Нэг ёсондоо хүнтэй хамт зэрэгцэн оршигч байгалийн амьд бодгалийн хувьд сонголт хийх эрхтэй болж таарах нь. Энэхүү үзэл санааг Америкийн философич Том Реган “Хүн болж төрснийхөө хувьд эзэмшдэг ёс суртахууны үндсэн эрх нь амьтдад ч ялгаагүй чухал (Regan, 2001)” хэмээн нотолж хэлсэн байдаг билээ.
Амьтныг туршилтад оруулах нь зөв хэмээн үздэг хүмүүсийн хувьд зөвхөн ололт амжилтыг л ярихаас биш хоёр талын туршилт судалгааг үндэслэлээ болгодоггүйд учир шалтгаан бий.
Жишээлбэл 1920-иод онд чихрийн шижингийн эм болох инсулиныг нээхдээ нохойн дээр туршсан, 1950-аад онд полиомиелитийн вакциныг боловсруулахдаа олон мянган сармагчин дээр туршилт хийж хүүхдийн булчингийн сулралын өвчний тархалтыг бууруулсан л хэмээн ярьдаг.
Гэтэл үүнтэй холбоотой сөрөг нөлөө, вакцин, инсулиныг тарьснаараа амь насаа алдсан хүмүүсийн судалгаа олдохгүй байгаа нь хачирхмаар. Учир шалтгааны хувьд хүмүүс тийм төрлийн судалгааг хийхийг ч хүсээгүй гэсэн үг шүү дээ.
Хүнийг санаа зоволтгүйгээр зуу наслуулдаг, өвчин зовлонгоос зуун хувь ангижруулдаг төгс эм тариа вакцин гэж энэ дэлхийд үгүй. Тийм учраас хүн төрөлхтөн аль болох нийтийн эрүүл мэндийг сайжруулах, түүний тухай ойлголтыг нэмэгдүүлэх нь л элдэв төрлийн тахал өвчнөөс хамгаалах хамгийн сайн вакцин хэмээн үзэх нь зүйтэй.
Харин үүнийгээ нэгж хүн бүр өөр дээрээ нарийн туршвал зохиолтой юм.
Харин гоо сайхны бүтээгдэхүүн, элдэв бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний аюулгүй байдлыг шалгахад амьтан дээр туршилт явуулах нь хүн төрөлхтөн байгалийнхаа эсрэг хийж буй “дайн” тэнэгрэл хэмээн үзэж болохоор. Дэлхий нийтийн жишиг ч мөн адил энэ дагуу өрнөж буй.
Тухайлбал 2013 онд Европын холбоо гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг амьтад дээр туршихыг эсэргүүцсэн явдал байлаа.
Дүгнэлт: Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, ажилтны хувьд үргэлж хүмүүнлэг, энэрэнгүй байхыг үзэл баримтлалаа болгоно. Техник технологийн асар хурдацтай хөгжил, эсийн төвшинд суурилсан судалгаа, компьютерын симуляци, хүний эсийн модель зэрэг инновациудыг ашиглан аль болох амьтан ашиглалгүйгээр туршилт хийх боломжууд бидэнд байна.
Цаашилбал өгөгдөлд суурилсан AI технологийн аргачлалуудыг сайтар судалж, туршилтад ашиглах нөхцөл боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Гэхдээ амьтан дээр шинжлэх ухааны туршилт хийх гэдэг ойлголтыг ялгаж салгасан хууль эрх зүйн орчин нөхцөлийг ч бүрдүүлэх нь нэн тэргүүний шаардлага юм.
Тухайлбал бэртсэн, гэмтсэн амьтныг эмчлэх байгальд нь эргүүлэн тавих тэдний бие физиологи, сэтгэл зүйн байдлыг ажиглах, туршилт, дүгнэлт гаргаж авах зэргийг эсэргүүцэх нь хэт өрөөсгөл болно гэдгийг сануулах нь зүйн хэрэг билээ. Эцэст нь хүн төрөлхтөн өөрсдийн мэдлэгийн төлөө гаргадаг сонголтуудыг дахин нэг тунгааж, амьтай бүхэнтэй ёс зүйтэй харьцах цаг аль хэдийн ирсэн.