
Ахмадын тэтгэврийн зээл хэт их авахыг хязгаарлах, зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор Монголбанк “банкнаас шинээр олгох тэтгэврийн зээл болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөхөд Өр орлогын харьцааг 50 хувиас ихгүй байхаар” шийдвэрлэсэн. Тус шийдвэр нь “амьжиргааны баталгаажих түвшний орлого үлдээх” гэх өмнөх зохицуулалтыг харьцангуй зөөллөсөн бодлогын арга хэмжээ ба тэтгэврийн зээлийг цалин болон бусад хэрэглээний зохицуулалттай ижил зохицуулалттай болгосон гэсэн үг.
Илүү тодорхой хэлбэл, өр, орлогын харьцааг 50 хувиар тогтоосноор өмнөх зохицуулалттай харьцуулахад бага тэтгэвэр авдаг зээлдэгчийн хувьд зээл авах боломж нь нэмэгдсэн. Энэ шийдвэр мөрдүүлж эхлэх 2025.06.16-ны өдрөөс өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй зээлдэгч нарын хувьд Монголбанкнаас ямар нэгэн зохицуулалт хийгээгүй бөгөөд банкууд өөрийн зээлийн бодлого, эрсдэлийн удирдлагын хүрээнд зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээ шаардлага, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг нь үндэслэн зээл олгох боломжтой юм.
Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд арилжааны банкнуудын дотоод үйл ажиллагаанд эрсдэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөндлөнгөөс оролцох нь Банкны тухай хуулиар хориотой байдаг. Банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байдлаар зээлийн хүү болон хугацааг нь хөндлөнгөөс тодорхойлж, эрсдэлийн удирдлагад нь ч нөлөөлөх бололцоогүй гэдгийг тус банкны зүгээс тайлбарласан.
Өмнө зээл авсан иргэдэд шинэ журам шууд хамааралгүй бөгөөд тэд зээлээ сунгах, нэмэлт зээл авах боломжтой
Монголбанкны Макро зохистой бодлогын хэлтсийн дарга Н.Батболд:
“Шинэ зохицуулалт нь 2025 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс хойш шинээр зээл авсан эсвэл зээлийн нөхцөлөө шинэчилсэн тэтгэврийн зээлдэгчдэд хамаарна. Харин энэ өдрөөс өмнө зээл авсан иргэдэд шинэ журам шууд хамааралгүй бөгөөд тэд зээлээ сунгах, нэмэлт зээл авах боломжтой аж.
Одоогоор таван арилжааны банк тэтгэврийн зээл олгож байгаа бөгөөд тэтгэврийн зээлийн хүүгийн төвшин банкны дотоод бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлөөс шалтгаалдаг. Монголбанк энэхүү хүүгийн хэмжээнд шууд оролцохгүй, харин эрсдлээс сэргийлэх хүрээнд макро зохистой бодлогоо хэрэгжүүлж байна” гэв.
2025 оны 4 сарын байдлаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 515.6 мянган иргэний 281.2 мянга нь тэтгэврийн зээлтэй байна. Олон улсад тэтгэврийн зээл нь нийтлэг бус бөгөөд манай улсад энэ зээлийн дийлэнх нь ахмадуудын сарын орлогыг бүхлээр нь барьцаалж, амьжиргаанд зарцуулах орлого үлдээхгүй байгаа нь өндөр настай иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Тухайлбал, тэтгэврийн зээлтэй иргэд сард дунджаар тэтгэврийн орлогынхоо 85%-ийг зээлийнхээ төлбөрт суутгуулж, 15%-ийг л амьжиргаандаа зарцуулж байна.
Батаа гуайн жишээ:
Өндөр настан Батаа гуай 880,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүнийгээ барьцаалан 12 сарын хугацаатай, жилийн 16,8%-ийн хүүтэй 5,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан. Батаа гуай 5,000,000 төгрөгөө бага хүүдээ автомашины урьдчилгаа болгон өгсөн. Тэрээр энэ сараас эхлэн сар бүрийн 1-д авах тэтгэврээсээ 490,000 төгрөгийг зээлэндээ суутгуулна. Үлдсэн 390,000 төгрөгөөрөө сарын хэрэгцээгээ хангана. Харин түүний зээлийн эргэн төлөлт чанаргүй, эрсдэлтэй, эргэн төлөлтгүй зээлийн ангилалд огт орохгүй. Харин Батаа гуай 12 сарын турш хоногийн хоол, хэрэглээгээ хасч, үр хүүхдүүдийнхээ гарыг харж өнгөрөөнө, эсвэл зээлийн гэрээгээ сунгаж нэмж зээл авна.
Батаа гуайтай адил нөхцөл байдал яваа олон мянган ахмад настан байгааг хэд хэдэн судалгааны дүн нотолдог.
Судалгаа 1: Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар тэтгэврийн зээлдэгчдийн 87.7 хувь буюу 246.6 мянган иргэний хувьд зээлээ төлсний дараа үлдэх орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшнийг хангахааргүй байна. Суурь амьжиргааны зардлаа хангахын тулд тэтгэврийн зээлтэй иргэд зээлийн гэрээг сунган нэмж зээл авч, зээлээс зээлийн хооронд явсаар байна. 2024 оны эцсийн байдлаар тэтгэврийн зээлдэгчдийн 82.3 хувь нь зээлээ төлж дуусахаасаа өмнө хамгийн багадаа дахин нэг удаа зээлээ сунгаж, нэмэлтээр зээл авсан байгаа нь үүний нотолгоо болж байгаа юм.
Судалгаа 2: Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн судалгаагаар тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын дийлэнх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлийн гишүүдийн автомашин, байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр бусдын хэрэглээнд зориулан авчээ. Ийнхүү тэтгэвэр авагч иргэд өөрийн амьжиргаа, хэрэглээг хангах сар бүрийн орлогоо зээлийн төлбөрт зарцуулж байгаа нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, санхүүгийн хараат байдал, өрийн дарамтад өртөх үндсэн шалтгаан болж байна.
Олон жилийн турш үргэлжилж буй тэтгэвэр, тэтгэмжийн буруу тогтолцооны илрэл нь тэтгэврийн зээл ба үүнийг бүх шатанд дэмжих нь эргээд тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг сулруулж, амьжиргааны баталгаажих түвшнийг нь улам бүр доройтуулж буй зохисгүй хандлага юм. Хэрэв шаардлагатай бодлогын шийдвэрийг гаргахгүйгээр энэ хэвээр цааш үргэлжилбэл тэтгэвэр авагч иргэд улам бүр өрийн дарамт, өрийн сүлжээнд орох, эдийн засаг, нийгмийн баталгаа нь алдагдах, улмаар ядууралд автах бодит эрсдэлтэй болоод байна.