
Өнөөдрийн онцлох нэгэн үйл явдал нь ХААН Банк Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг сая мод тарихаар хамрагч байгууллагуудтай гэрээнд гарын үсэг зурав.
ОДОО УНШИГЧ ТАНААС АСУУЯ: ЯАГААД МОД ТАРИХ НЬ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ ГЭЖ?
Японы нэгэн судалгаанд модтой газар хүний стрессийн түвшин 15–60 % буурдаг хэмээжээ. Цаашилбал цусны даралт тогтворжиж, амар амгалан байдал нэмэгддэг аж. Мөн түүнчлэн нэг мод жилд дунджаар 21.7 кг нүүрстөрөгчийн давхар исэл шингээдэг бол 40 жилд дунджаар нэг тонн нүүрстөрөгчийн давхар исэл шингээдэг хэмээсэн байна
Ийм эерэг нөлөөтэй учраас мод тарих нь талархууштай хэмээн онцолж байгаа юм. Энэ тухай ХААН Банкны Гүйцэтгэх захирал, Тэрбум мод сангийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Мөнхтуяа ийнхүү ярьж байлаа.
Р.МӨНХТУЯА: ХААН БАНК ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТАВАН САЯ МОД ТАРИНА
“Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар буруулна гэсэн зорилттой. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” аяныг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн оруулах хувь нэмрийн талаар амлалт өгч, тууштай ажиллаж байна. ХААН Банк үүнд түүчээлэн ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн ундны усны эх Сэлбэ голын эх, Их баяны аманд 40 га талбайг ойжуулсан. Ийнхүү ойжуулах төслөө улам өргөжүүлэн олон хамтрагч байгууллагуудын тусламжтай нэг сая мод тарих гэж байгаагаа дуулгахад таатай байна. Цаашдаа ХААН Банк таван жилийн хугацаанд таван сая мод тарихаар төлөвлөсөн” гэв.
ХААН Банкнаас хэрэгжүүлэх гэж буй энэ төсөлд “Ойн хүрэм” ХХК, Титэм ой ХХК, УБТ Гарден ХХК,, Агроцест ХХК,, Бугат нандин ХХК, Халх голын хишиг ХХК, Ой баясах ХХК-иуд ойжуулалт, мод тарьж ургуулах ажлыг хийж хэрэгжүүлэх юм байна. Тэдний хувьд олон жилийн туршлагатай, ойжуулалтын ажлыг 90-ээс дээш хувьтай хийж гүйцэтгэдэг байгууллагууд аж.
Тэдний төлөөл Ойн хүрэм ХХК-ийн захирал Ж.Наранчимэг ийнхүү ярьж байлаа.
Ж.Наранчимэг: Өмнө нь ХААН Банктай хамтран хэрэгжүүлсэн ойжуулалтын ажлаа 97 хувьтай хүлээлгэн өгсөндөө баяртай байна
Нэмэлт: Ойн тухай сонирхолтой баримтууд
- Өдгөө дэлхийн хуурай газрын 31 хувийг ой мод эзэлж байгаа бөгөөд 200 жилийн өмнө уг хэмжээ 2 дахин их байжээ.
- Сибирийн тайга бол дэлхий дээрх хамгийн том ой бөгөөд Сибирийн газар нутгийн 2/3 буюу 8 сая хав.дөр.км орчим талбайг эзэлдэг.
- Дэлхийн ойн сан хөмрөгийн 22 орчим хувь нь Орос улсад байдаг.
- Бүх ойн тал орчим хувь тропикийн бүсэд оршдог.
- Дэлхий даяарх ой модны 7 орчим хувийг хүмүүс тарьж ургуулжээ.
- Жил бүр 100 сая орчим ширхэг мод устаж үгүй болдог.
- Жил бүр 3,3 сая га газрын ой мод устан үгүй болж байна.
- Малайзын ойн бүсүүд бараг бүрэн устан сүйрчээ.
- Финланд улсын газар нутгийн 70 гаруй хувь нь ойгоор бүрхэгджээ.
- Ойгоор хамгийн ядуу Европын улс бол Их Британи бөгөөд нийт газар нутгийнх нь 6-хан хувийг эзэлдэг гэвэл хэн хүнгүй гайхах буй заа.
- Оросын ой мод 8,09 сая хав.дөр.км талбайг эзэлдэг.
- Шмидтийн хус бол дэлхий дээрх хамгийн хатуу моддын нэг бөгөөд түүнийг сүхээр цохиж тайрах боломжгүй.
- Хамгийн өндөр мод бол АНУ-ын Калифорни муж улсад ургадаг секвойя гэдэг мод бөгөөд 115 м өндөр.
- Хус бол хамгийн өргөн тархсан навчит мод юм.
- Моднууд бүх л амьдралынхаа туршид ургасаар байдаг.
- Хамгийн хөгшин мод 2000 настай бөгөөд Литва улсын ойд ургадаг.
- Ой мод нь шаардлагатай шимт бодисуудынхаа дөнгөж 10 хувийг хөрснөөс, үлдсэнийг нь агаар мандлаас авдаг гэнэ.
- Дэлхий даяар 1 сая орчим хүн мод боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажилладаг.
- Зөвхөн цаас үйлдвэрлэхийн тулд дэлхий даяар жил бүр 125 сая ширхэг модыг огтолж байна.
- А4 хэмжээтэй нэг ширхэг цаас үйлдвэрлэхэд 15-20 гр мод ордог ажээ. Харин дундаж хэмжээтэй нэг номыг хэвлэхэд 5 кг мод шаардлагатай.
- Өнөө үед нийт цаасны талаас илүү хувийг дахин боловсруулдаг хоёрдогч түүхий эдээс гарган авч байна.
- Дахин боловсруулсан 80 кг цаас нь нэг модыг огтлохоос авардаг.
- Ойд зугаалах үед зүрхний цохилт удааширч, жигд амьсгалдаг.
- Дэлхийн ой мод жил бүр 2 тэрбум тонн гаруй нүүрсхүчлийн хийг шингээдэг.
- Өнөө үед хэрэглэж буй эмний 25 хувийг халуун орны ойн ургамлуудаас гаргаж авдаг.
- Дэлхийн ой модны 54 хувь нь ердөө тавхан улс буюу ОХУ, Бразил, Канад, АНУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрт байдаг ажээ.
- Онгон ой нь 1 тэрбум 110 сая га талбайг эзлэн оршдогоос 61 хувь нь ердөө гуравхан улс буюу Бразил, Канад, Оросын нутагт байдаг.
- Дэлхий даяар 70 мянга орчим төрлийн мод ургадаг.
- Дэлхий дээр огт ой модгүй гурван улс байдаг нь Бахрейн, Катар, Ливи юм. Харин хамгийн их ой модтой улс бол Суринам бөгөөд нутаг дэвсгэрийнх нь бараг 98 хувь нь ойгоор хучигджээ.