
Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр /2025.06.18/ болсон. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сая Засгийн газрын гишүүд төсвийн тодотголын танилцуулгатай танилцлаа. Баасан гарагт Засгийн газар дахин хуралдана. Шинэ сайд нар төсөвтэйгөө танилцмаар байна гэсэн.
2025 оны төсвийн жил дундаа орж байна. 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй байна. Энэ нь шууд хэмнэлт болно. Төсвийн орлого дутсанаас болоод үүсэж магадгүй алдагдал маань 2.3 их наяд. Энэ 2.3 их наядын маань 535 тэрбум нь хуулийн дагуу нөхөгдчихөж байна гэсэн үг. Тэгэхээр бид төсвийн тодотголоор 1.8 их наядын дүнтэй л тодотгол хийх шаардлага үүсэж байна.
Товчхондоо бол, 535 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтаас, 1.8 их наядыг урсгал зардлаас хасах нь. Ямар, ямар урсгал зардлуудыг танах вэ гэхээр үндэсний хороод болон зарим яамдын харьяа агентлагуудыг татан буулгах, нийлүүлэх нэгтгэх нь. Мөн төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулна. 14,400 төрийн албан хаагчийг цомхотгох ажил энэ тодотголоор хийгдэхээр болж байна” гэв.