
Испанийн Мадрид хотод өнгөрсөн ням гарагт олон арван мянган иргэд Испанийн Ерөнхий сайд Педро Санчезийн засгийн газрыг огцорч, ойрын хугацаанд парламентын сонгууль явуулахыг шаардан жагсжээ. Ням гарагт болсон жагсаалыг Испанийн сөрөг хүчний консерватив Ардын нам “мафи уу, ардчилал уу” гэсэн уриа дор зохион байгуулсан ба эрх баригчид уг жагсаалд 45 мянгаас 50 мянган хүн оролцсон гэсэн бол зохион байгуулагчид жагсаалд 100 мянган хүн оролцсон гэжээ. Ерөнхий сайд Педро Санчезийн засгийн газар төдийгүй гэр бүл, ойрын хүмүүс сүүлийн жилүүдэд авлигын ноцтой хэргүүдэд холбогдсон юм.
Ерөнхий сайд Педро Санчезийн Социалист Ажилчдын намын гишүүн асан Лейре Диаз нь Ерөнхий сайдын эхнэр Бегонья Гомез, ах Давид Санчез, Тээврийн сайд асан Хосе Луис Абалос нарыг шалгаж буй Иргэний гвардийн хэлтсийн тухай худал хуурмаг мэдээ мэдээлэл тараасан явдал ил болсон нь олон нийтийн уур бухимдлыг бүр ч ихээр төрүүлсэн юм. Лейре Диаз Ерөнхий сайд Педро Санчез болон Социалист ажилчдын намын эрх ашгийн төлөө ажилласнаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Ням гарагт Мадридын төв талбайд цугласан олон “Санчез бол урвагч”, “Засгийн газар огцор” гэсэн уриа лоозон барьсан байсан ба Ардын намын тэргүүн Альберто Нюнез Фейхо, “Испанид ёс журам, эрх чөлөөний хувьсгал хэрэгтэй байна. Бид энэ хувьсгалыг гудамжнаас, санал өгөх хайрцгаас эхлүүлнэ.
Ноён Санчез нуугдаж, худал хэлж, зугтахаа боль. Испаничууд таныг хэн болохыг, юу хийснийг чинь мэдэхийн дээдээр мэднэ. Ардчилалд зам тавьж өг. Яг одоо сонгууль зарла.” хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайд Педро Санчезийн гэргийг авлига болон нөхрийнхөө албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа бол ах Давид Санчезийг мөн л албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнээс гадна өнгөрсөн оны 2-р сард Ерөнхий сайд Педро Санчезийн ойрын түнш гэгдэж байсан Тээврийн сайд асан Хосе Луис Абалос коронавирусийн цар тахлын үед амны хаалт нийлүүлэгч компаниудтай нийлж, олон сая евро евро залилсан авсан хэргээр шалгагдаж эхэлсэн билээ. Ерөнхий сайд П. Санчез улс төрийн хүчнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс өөрийг нь болон эхнэрийг нь доромжлох, нэр төрийг нь унагах гэсэн ажиллагаа явуулж байна хэмээн мэдэгджээ.