
Төрийн ордныг пиджак өмсөж, зангиа зүүсэн хүмүүсээр л төсөөлдөг хүмүүс бишгүй л. Улс төр бужигнаж байдаг дөрвөн давхар энэ цагаан барилгад байхгүй юм бараг л үгүй. Хоолны газар, үсчин, хүүхдийн өрөө, кофе шоп, Улаанбаатарын гудамжинд тавхан алхаад л таардаг өнөө GS25 хүртэл бий. Төрийн ордонд ажилладаг догь хүмүүсийг цувралаар танилцуулахаар шийдсэн маань энэ.
Зураг дээрх хоёр бүсгүйг Шижирийн Шинэцэцэг, Агваансамдангийн Энхжаргал гэнэ. Төрийн ордны B1 давхарт өглөөний 08.30-аас оройн 17.30 цаг хүртэл үс засна, будна, угаана, хатаана. Гишүүд, сайд нар, тэдэнтэй уулзахаар ирсэн хүмүүс, Төрийн ордонд “Эхийн алдар” одонгоо аваад явж буй ээж нар гээд түмэн хүний хөл энд гишгэсэн.
Ш.Шинэцэцэг
Би төрийн ордонд орж ирээд нэг их удаагүй ээ. Энэ оны хоёрдугаар сараас л ажиллаж байна. Миний өмнөх хүн 45 жил ажилласан юм билээ. Би ч ордны ёс дэгийг сурчих гээд л хичээж л байна. Энэ чиглэлээрээ 10 жил ажиллаж байна. Өвөр монголд болдог томоохон фестиваль, тоглолт, гээд олон ч арга хэмжээн дээр ажиллаж, том, том одуудын үсийг янзалж байлаа. Өглөөний 10.00-аас орой 22.00 цаг хүртэл, нэг тоглолтын ард 93 үс засаж байсан. Энэ миний рекорд л доо. Харин одоо ордонд бол өдөрт 20 хүнд үйлчилгээ үзүүлж байна.
-Эмэгтэй гишүүдээс хэн, хэн орж ирж үсээ янзлуулдаг вэ?
-М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун гээд эмэгтэй гишүүд орж ирдэг. Гэхдээ бас хүний нэр нэг их тогтоодоггүй хүн шүү.
-Ажлаа хийж байхдаа дүлий дүмбэ байхгүй нь ойлгомжтой. Та бүхний дунд ямар яриа өрнөх үү?
-Үсний зөвлөгөө гэх мэт ойр зуурын яриа л өрнөнө. Нэг их хамаагүй юм яриад байхгүй ээ бас. Ер нь бол хувь хүнийхээ хувьд хийж буй юмаа л сайн хийчихье л гэсэн бодолтой хүн. Хүмүүс толь руу хараад нүд нь гэрэлтэж, баярлаад гарахыг харах л сайхан байдаг даа.
-Төрийн ордон дотор төөрч байна уу?
-Төөртлөө нэг их айхавтар явсангүй ээ. Өглөө орж ирээд бараг гардаггүй. Нэг давхар руу гарч GS25 орно. Дөрвөн давхар руу гарч хоол иднэ.
А.Энхжаргал
20 жил ажиллаж байна. Үүний дөрвөн жилийг нь Төрийн ордонд.
-Түрүү орж ирэхэд Г.Тэмүүлэн гишүүн үсээ засуулж байсан. Байнгын үйлчлүүлэгч үү?
-Тийм. Байнга л цаг аваад орж ирдэг юм.
-Ордонд ажиллахаар орж ирэхэд тань хамгийн эхний үйлчлүүлэгч хэн байв?
-Ц.Нямдорж сайд үсээ засуулах гээд ороод ирдэг юм байна. Би чинь яарч сандраад л… Одоо сандрахаа больж дээ.
-Эрчүүд эхнэрээсээ илүү үсчиндээ үнэнч байдаг гэж ярих нь бий. Энэ үгтэй та санал нийлэх үү?
-Бараг 80%-тай, үнэн байх шүү.