
БНСУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж байна
Хагас жилийг улс төрийн хямрал, хуваагдал болон тодорхой бус нөхцөл байдалд өнгөрүүлсэн өмнөд солонгосчууд өнгөрсөн 12-р сард цэргийн онц байдал зарлаж, улсаа эмх замбараагүй байдал руу түлхэж, шившигтэйгээр албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын оронд томилогдох шинэ төрийн тэргүүнээ сонгохоор саналаа өгч эхлээд байна.
АНУ-ын түнш, Азийн эдийн засаг, соёл урлагийн төв гэгддэг БНСУ-ын хувьд энэ удаагийн сонгууль онцгой ач холбогдолтой юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын худалдааны дайн, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн зэрэг явдал нь Өмнөд Солонгосын эдийн засгийг ч мөн тойроогүй билээ.
БНСУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр тус улсын 21 дэх Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд саналаа өгөх эрхтэй 44 391 871 иргэн бүртгэгдсэн нь 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүртгэгдсэн тооноос даруй 194,179 сонгогчдоор илүү байгаа аж. Сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн тоо өсөж байгааг тус улсын хүн ам хурдацтай хөгширч байгаагаар тайлбарлаж болох юм. Сонгогчдын 8 683 369 нь 50-иад насныхан байгаа нь нийт сонгогчдын 19.6 хувийг эзэлж байна.
Харин 60-аад насныхан 17.7 хувийг, 70-аад насныхан 17.2 хувийг тус тус эзэлжээ. Энэ удаагийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён БНСУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдох хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байна. Хүүхэд байхаасаа үйлдвэрт ажиллаж үйлдвэрлэлийн ослын улмаас 13 насандаа хүнд гэмтэл авсан тэрээр улс төрд орохоосоо өмнө хүний эрхийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан аж. 2010 онд Ли Жэ Мён Соннам хотын даргаар, 2018 онд Кёнги мужийн захирагчаар сонгогдон ажиллаж байсан туршлагатай юм.
Коронавирусын цар тахлын үеэр Ли Жэ Мён Кёнги мужийн бүх оршин суугчдад тусламж дэмжлэг үзүүлэхээр засгийн газартай зөрчилдөж байсан нь түүний нэр хүндийг улам өсгөж, тэрээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сүк Ёлд маш цөөн хувийн зөрүүтэйгээр ялагдаж байсан юм.
2024 оны 1-р сард Ли Жэ Мёнийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байхад нь нэгэн этгээд хүзүү рүү нь хутгалж, хөнөөхийг оролдсон нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал болсон. Үүнээс гадна 2024 оны 12-р сарын 3-нд Юү Сүк Ёлыг цэргийн онц байдал зарлахад Ли Жэ Мён парламентын ордонд хамгийн түрүүнд очсон хууль тогтоогчдын нэг болж, парламентын ордон руу орох гэж хашаа давж буйгаа шууд дамжуулсан билээ.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ли Жэ Мён улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, ерөнхийлөгчийн цэргийн онц байдал зарлах эрх мэдлийг багасгах, үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 4 жил болгохоо амлажээ.
Ли Жэ Мён: Ерөнхийлөгчийн цэргийн онц байдал зарлах эрх мэдлийг багасгах, бүрэн эрхийн хугацааг 4 жил болгохоо амлажээ