
УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.
Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд суррон, скүүтерийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, суррон, скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод байна.
Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулаад байна.
Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төсөлд дараах гол зохицуулалтыг тусгажээ.
Тухайлбал,
- “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн зам,
- Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлс;
- Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлага;
- ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан байна.
ГССҮТ-ийн өгсөн мэдээллээр 2022-2024 онд буюу сүүлийн гурван жилд цахилгаан дугуй суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна. Тухайлбал, цахилгаан дугуйтай онхолдсон 2, скүүтерт мөргүүлсэн нэг ослын улмаас 3 иргэн амь насаа алдсан байна.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:
- Мопед, суррон, скүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
- Мопед, суррон, скүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%,
- Явган зорчигч мопед, суррон, скүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0%,
- Мопед, суррон, скүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.
Харин Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр Улсын хэмжээнд 2022 онд суррон холбогдсон 17, 2023 онд суррон, скүтер холбогдсон 70, 2024 онд 223 зам тээврийн осол бүртгэгдээд байна
Манай Улсад сүүлийн 3 жилд импортоор орж ирсэн суррон, скутер 2022 онд 1050, 2023 онд 8157 байсан бол 2024 онд 16783 болж өссөн байна.
Өнөөдрийн байдлаар 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 21 хүнийг 8,400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулаад байна.