
Тайланд улсад Монгол Улсыг төлөөлөн элчин сайдаар ажиллаж байгаа А.Төмөрийн эхнэр амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс мэдээлэл авлаа.
“Харамсалтай явдал тохиолдсон. Би А.Төмөр сайдтай холбогдсон. Тэрээр гадаад харилцааны салбарт, яаманд олон жил ажиллаж байгаа.
Тайландийн цагдаагийн байгууллагаас гаргасан урьдчилсан дүгнэлтээр золгүй явдал болсон гэж өөрөө надад хэлсэн.
Сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. 3 хүүхэдтэй. Бага хүүхэд нь бие муутай. Хүүхдүүд нь ээжийгээ алдсандаа маш хэцүү байна. Ийм үед хувь хүний асуудлыг сошиалаар энд ингэж авч хэлэлцээд байгаа нь надад маш их зохимжгүй санагдаж байгаа. Цаг нь болоод талийгаачийнхаа 49 хоног өнгөрсний дараа өөрөө мэдээлэл өгнө гэсэн.
Тайланд улс хууль дүрэмтэй. Хэргийн газар очоод дүгнэлтээ гаргасан. Би бол өөрийнх нь үгэнд итгэж байгаа. Харин хэвлэлээр ямар зорилготой, ямар хүмүүс юу ярьж байгааг би мэдээгүй байна.
Мэдээж алдсан хүн 10 тамтай. Хүнээ алдсан ар гэрийнхэн маш хүнд байгаа. ийм сайхан залуухан эмэгтэй 3 хүүхдээ орхиод хорвоогоос явна гэж хэн ч төсөөлөхгүй. Талийгаачийн ар гэрт маш их хүндэтгэлтэй хандах ёстой.
Элчин сайд нарт яг тэдэнд яваад тэдэнд эргэж ирнэ гэсэн хугацаа байдаггүй. Дипломат ёсонд элчин сайд 4 жилийн хугацаатай томилогддог. Өөрийнх нь хүсэлтийг харгалзаад ажлын шаардлагаар 1 жил хугацааг сунгасан. Энэ жил ирнэ. Олон улсад ч ийм жишиг бий. Элчин сайдын ажлын шаардлага ур чадварт үндэслэн 10-20 жил ч байдаг. Манайд 5-10 жил болж байсан тохиолдлууд бий.
Тухайн улсад суугаа манай элчин сайдын яам бол маш их ачаалалтай ажилладаг. Тиймээс энэ асуудалд хүний ёсоор, хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэж байна”