
Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон Бангкок хотын 17 давхар барилгаас унаж амиа алдаад 10 гаруй хонож байна.
Талийгаач Л.Орхоны амиа алдсан шалтгаан нь санаандгүй осол уу, амиа хорлолт уу, эсвэл хүн амины хэрэг үү гэдгийг тогтоохоор Тайландын Бангкок хотын Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа аж.
Харин Элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсайхан буюу Үндсэн хуулийн цэцийн дарга асан эрхэм гэр бүлд нь тохиосон уг эмгэнэлт хэргийн талаар олон нийтэд мэдэгдэл хийлээ.
“Та бүхний амгаланг айлтгая.
Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаа дүү нарт, танилуудад талархал илэрхийлж байна.
Би нэг зүйлийг онцгойлон хэлье гэж бодож байна. Манай бэр, миний охиноос ялгаагүй хүүхэд. Миний хүүгийн эхнэр 3 ачийн ээж өөд болж тэнгэрт халилаа. Золгүй явдал тохиолдсон гэж би хэлмээр байна.
Одоо хууль шүүхийн байгууллага, Тайландад хэргийг хянан шалгаж байгаа юм байна гэж би ойлгосон. Асуудал дуусаагүй байна. Үүний дараа асуудал нэг чигтэй баримжаатай албан ёсны хууль зүйн шийдвэрүүд гарах байх гэж бодож байна. Талийгаачийн маань 49 хоног нь ч болоогүй байхад бид янз бүрийн юм ярьж, мэдэгдэл хийж, хүмүүсийн толгой тархийг эргүүлэх хэрэггүй гэж бодож байгаа.
Тэгэхдээ зайлшгүй хэлэх шаардлага гарч ирлээ. Учир нь сүүлийн үед буруутгасан мэдээлэл маш их гарч байна. Тэр нь дуу дуугаа авалцаад бие биедээ дамжуулаад, шэйрлээд таньдаг, таньдаггүй хүмүүс их дамжуулж байна. Тиймээс та бүхэн жоохон хүлээцтэй, тайван ойлгож байгаачээ гэж хэлэх гэсэн юм.
Албан ёсны шийдвэр, шүүхийн, хуулийн, цагдаагийн ч шийдвэр гараагүй байхад ингээд нийгмийг бужигнаан, үймээн, хэл ам ихтэй байгаа үед нь нэмээд бужигнуулаад баймааргүй байна.
Манай бэр, хүү, ач нарын зургийг нь хүртэл гаргаад яриа өрнүүлээд байгаад би үнэхээр харамсаж байна.
Тэр жаахан хүүхдүүд буруугүй шүү дээ.
Та бүхнийг хүлээцтэй, жоохон хүн чанартай, анхааралтай байхыг хүсэх гэсэн юм аа“ гэлээ.
Талийгаач Л.Орхоны ар гэрийнхний зүгээс эл хэрэгт нөхөр буюу Элчин сайд А.Төмөрийг буруутгаж буйгаа илэрхийлсэн. Харин Гадаад харилцааны яамнаас “Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна. Дүгнэлт гарсны дараа Элчин сайд А.Төмөрийг хэрхэх асуудал яригдана” гэсэн товч тайлбар өгсөн.