
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоод руу аялах иргэдийн тоо эрс нэмэгдэж, аялал жуулчлалын компаниуд ч үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, хэрэглэгч төвтэй болгохыг зорих болсон. Гэвч энэ эерэг өөрчлөлтийн ард цахим орчинд хуурамч зар сурталчилгаа, залилангийн шинжтэй үйлдлүүд гарах болжээ.
Тухайлбал, сүүлийн үед “Facebook” орчинд аяллын компаниудын нэрийг ашигласан хуурамч хаягууд хямд нислэгийн тийз захиалга нэрээр урьдчилгаа төлбөр хувийн данс руугаа аван залилсан хэд хэдэн тохиолдол гараад байна.
Тохиолдол 1: 2025 оны 3-р сарын 28-нд “Enkhmaa Nasanbat” гэх нэртэй Facebook хэрэглэгч хямд тийз санал болгож, хямдрал зөвхөн 3-р сарын 30 хүртэл л үргэлжлэх ба үнэ хэлбэлзэж байгаа тул урьдчилгаа төлбөр хийгээд эрхтэн суудлаа баталгаажуулах хэрэгтэй зэргээр худал мэдээлэлдээ итгүүлсэн байна. Улмаар тухайн хүн ХААН банкны 503575***** тоот хувь хүний данс руу нь мөнгөө шилжүүлсэн ч түүнээс хойш ямар ч холбоо барьж чадаагүй байна.
Уг Facebook хэрэглэгчийн хаягийг нягталж үзэхэд, “Airline Munkh” нэртэй, ердөө 3-4 дагагчтай хуудаснаас хямд тийз захиална гэсэн постууд дээр түүнийг холбогдох ажилтан гэж “mention” хийсэн байсан ба “Enkhmaa Nasanbat” талаар хоёр ч хүн тийз захиалга нэрээр бусдаас мөнгө залилж байна гэж анхааруулсан постууд оруулж байжээ.
Тохиолдол 2: 2025 оны 4-р сарын 8-нд “Munkh Amgln” гэх нэртэй Facebook хэрэглэгч мөн л ижил аргаар залилан хийхийг оролдсон байна. Тухайн хүнд нислэгийн тийзийн үнийг ₮2,134,800 гээд заавал урьдчилгаа 40% буюу ₮213,480-г шилжүүлж байж баталгаажна гэж ээ. Мөн л “iTrip” компанийн жинхэнэ холбоо барих мэдээллийг ашиглан итгэл төрүүлсний дараа өөрийн “[email protected]” гэх iTrip-н нэрийг барьсан хуурамч имэйлээ хамтад нь явуулж, цаашлаад “Itrip Amgalan” нэртэй Facebook хуудсыг явуулан албан ёсны мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.
Тохиолдол 3: 2025 оны 5-р сарын 5-нд “Enkhmaa Nasanbat” нэртэй хэрэглэгч дахин нэг иргэнийг төөрөгдүүлж, ₮3,773,000 залилжээ. Тэрээр Улаанбаатар–Бээжин чиглэлийн хоёр талын 5 хүний тийзийг Air China болон Hunnu Air-аар нисэх хуваарьтай, нийт үнэ ₮3,773,000 бөгөөд тээш, хүүхдийн тийз, НӨАТ багтсан гэх мэдээлэл өгч итгүүлсэн байна. Улмаар иргэн ХААН банкны 5168788**** дугаартай хувь хүний данс руу “энхмаа тиз нөат” гэсэн утгатай гүйлгээг 10:32 цагт хийсэн ч тийз хүлээн аваагүй, харилцаа тасарсан байна. Гүйлгээ хийхээс өмнө паспорт, холбоо барих утас, имэйл зэрэг хувийн мэдээллээ илгээжээ.
Энэ мэтчилэн аяллын компаниудын нэрийг барьсан луйврын тохиолдол нэмэгдэх болсон тул ямар ч үед хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Тийз захиалах болон төлбөр төлөх үедээ тухайн компанийн албан ёсны эх сурвалж, холбоо барих мэдээлэл баталгаатай, дансны дугаар нь компанийнх мөн эсэхийг сайтар нягталж, шаардлагатай бол компанийн албан ёсны лавлах утсаар холбогдож захиалгын мэдээллийг заавал шалгана уу.
Мөн сэжигтэй үйлдэл, мэдээлэлтэй таарвал холбогдох байгууллагад мэдээлж, бусдыг сэрэмжлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.