
Ажлын цагаараа найз бүсгүйтэйгээ хурьцал үйлдэж байхдаа нас барсан эрийн үхлийг шүүх үйлдвэрлэлийн осол хэмээн тогтоожээ. Шүүхийнхүү шийдсэнээр нас барсан эрийн гэр бүл нөхөн олговор авах эрхтэй болж байгаа юм.
Хятадын Үйлдвэрлэлийн осол, гэмтлийн даатгалын журамд ажилтан ажлын цагаар ажлын байран дээрээ зуурдаар нас барах явдлыг үйлдвэрлэлийн осолд тооцдог ба үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны гэр бүл ажил олгогч болон нийгмийн даатгалаас нөхөн олговор авах боломжтой. Бээжин хотын жижиг үйлдвэрт хамгаалагчаар ажиллаж байсан 60 орчим настай Жан овогтой нэгэн эрийн үхлийн талаарх мэдээ сүүлийн өдрүүдэд Хятадын нийгмийн сүлжээнд ихээр бичигдэж буй сэдвийн нэг болжээ.
Хамгаалагч эр 24 цагаар ямар ч амралтгүй ажилладаг байсан бөгөөд тэрээр 2014 оны 10-р сарын 6-нд найз бүсгүйтэйгээ хамгаалагчийн өрөөнд уулзаж, бэлгийн харьцаанд орж байхдаа нас баржээ. Шүүх шинжилгээний газар хамгаалагч эрийг гадны нөлөөгүй нас барсан болохыг тогтоосон байна.
Уг хэрэг явдлаас хойш нэг жилийн дараа талийгаачийн хүү Жан Сяоши харьяа нийгмийн даатгалын газарт нөхөн олговор авах хүсэлтээ өгсөн ч нийгмийн даатгалын газраас түүний аав ажлаа хийж байхдаа бус найз бүсгүйтэйгээ уулзаж байхдаа нас барсан тул үхлийг нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн хариу өгчээ. 2016 онд Жан Сяоши аавынхаа ажиллаж байсан үйлдвэрийг болон нийгмийн даатгалын газрыг шүүхэд өгчээ. Тэрээр аав нь тус үйлдвэрт 24 цагаар ямар ч амралтгүй ажилладаг байсан учраас үхлийг нь үйлдвэрлэлийн осол гэж ангилах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, аав нь ажлын байраа орхиж болохгүй байсан учраас найз бүсгүйтэйгээ хамгаалагчийн өрөөнд уулзахаас өөр аргагүй байсан гэдгийг онцолжээ.
Хүүгийн хэлснээр ажилтан ажлын байран дээрээ завсарлага авч амрах эрхтэй бөгөөд тэрээр, “Насанд хүрсэн эр хүний хувьд аавд маань сэтгэл зүйн хэрэгцээ байсан нь хэвийн явдал.” хэмээн шүүхэд мэдүүлжээ. 2017 оны 2-р сард нийгмийн даатгалын газар Жан Сяошигийн аавын үхэл үйлдвэрлэлийн осол мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
Чунчин хотод ажилладаг хуульч Чэн Рюй Жан Сяоши шүүхэд ялалт байгуулсан явдалд хоёр хүчин зүйлс нөлөөлсөн гэжээ. Түүний хэлснээр Жан Сяошигийн аав нь 24 цагаар, ямар ч амралтын өдөргүй ажилладаг байсан учраас түүнд найз бүсгүйтэйгээ уулзах нь ус уух, бие засахтай адил физиологийн хэрэгцээ болсон явдал мөн шүүгч аав нь биеэ үнэлэгч бус найз бүсгүйтэйгээ уулзаж байхдаа нас барсан нь нийгмийн ёсыг зөрчөөгүй гэж үзсэн явдал нөлөөлжээ.
Эх сурвалж: scmp.com