
Автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлсээр буй. Гэтэл өнгөрсөн баасан гараг /2025.05.09/-т Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд бизнес эрхэлж буй иргэн нэг дэлгүүр нээтэл албадан буулгахаар болжээ хэмээн бухимдлаа илэрхийлсэн байв. Тодруулан хэлбэл, тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас “Даваа гарагт газраа чөлөөлөхгүй бол албадан чөлөөлнө” гэх мэдэгдэх хуудас ирсэн байгаа юм. Тухайн мэдээллийн мөрөөр бид Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороог зорилоо. Биднийг очиход гар утасны лангуу, цэцгийн дэлгүүр, бэлэн хувцасны дэлгүүр зэрэг таван бизнес үйл ажиллагаа явуулж байлаа. Тэд энэ объектыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж.
Түрээслэгчдийн төлөөлөл Э.Баясалцэнгэл “Манайх энэ оны гуравдугаар сарын сүүлээр гэрээгээ хийгээд, 14 хоног засвар хийсэн. Тэгээд дөрөвдүгээр сарын 11-с үйл ажиллагаагаа эхлээд явж буй. Бидэнд энэ объектыг түрээслүүлсэн хүнтэй ярьсан. Уулзаж чадаагүй л байна. Баригдчихсан байгаа объектыг хэн дураараа ирээд нураана гэж бодох вэ дээ. Ажил хийе гэхээр хийлгэхгүй халамжийн эгнээ рүү шилжүүлэх гээд байдаг юм уу, бүү мэд. Хэрэв үнэхээр газар нь зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн талбай бол нураахаас өөр яах вэ. Гэхдээ бидэнд өгч байгаа хугацаа нь инээдтэй байна. Тав дахь өдрийн орой мэдэгдэх хуудас өгч байгаа юм. Нэг дэх өдөр буцааж гомдол гаргана гэхээр цаг хугацааны хувьд их хэцүү л дээ” гэлээ.
Ингээд бид тухайн бизнес эрхлэгчдийн түрээсэлж буй объектын эзэнтэй холбогдож, уулзлаа. Түүнийг Ц.Даваадорж гэдэг.
Тэрбээр “Энэ бол миний эзэмшлийн газар. Машины зогсоолын зөвшөөрөлтэй байсан юм. Хашаа арга хэмжээний хүрээнд хашааг нь буулгасан тул хэн дуртай нь орж зогсох болсон. Иймд би өөрийн эзэмшил газраа таван павильон барьсан юм. Эзэмших эрхийн гэрчилгээгүй, эзэмших эрхийн гэрээгүй улсууд л дураараа юм баривал буулгаж байгаа биз дээ. Манайх эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэрээтэй. Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших зөвшөөрөлтэй” хэмээгээд гэрчилгээ, гэрээгээ гаргаж үзүүлэв.
Эзэмших эрхийн гэрчилгээтэй байхад нь яагаад мэдэгдэх хуудас явуулж, бизнес эрхлэгчдийг айлгав гэдгийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны газар байгуулагч Б. Дашдаваагаас тодрууллаа.
Ингэхэд “Эхний ээлжид мэдэгдэх хуудсыг өгч байгаа юм. Өөрт нь үнэхээр бичиг баримттай бол бид нартай уулзах ёстой. Бичиг баримттай бол буулгахгүй.
-Бичиг баримттай байгаа гэдэг нь та бүхэнд систем дээр харагддаггүй юм уу?
–Янз бүр байдаг юм. 2018 онд систем хөгжүүлэлт хийгдсэн болохоор 2018 оноос өмнө газар авсан, эзэмшиж буй хүмүүсийн мэдээлэл ороогүй байдаг. Тэр нь мэдээллээр харагддаггүй гэсэн үг. Тийм болохоор бид нар ирээд уулз аа, бичиг баримтаа аваад ир ээ гэдэг шаардлага л тавьж байгаа юм. Түүнээс биш шууд албадан буулгана гэсэн юм байхгүй. Ирэхээр нь байгаа бичиг баримтуудыг нь харъя. Бичиг баримт нь байвал программдаа оруулж авъя” хэмээв.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Цахим Монгол гэж ярьдаг ч цахим системд нь бүх мэдээлэл нь байхгүйгээс “Хураана, нураана” гэж хувийн өмчид халдсаар. Хэдэн муу бизнес эрхлэгчдээ хэдий болтол айдсаар хооллох вэ?