
Энэтхэг улс Пакистаны зэвсэгт хүчний цэргийн баазуудад цохилт үзүүлсний хариуд Пакистан Энэтхэгийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлж буйгаа мэдэгджээ.
Уг цэргийн ажиллагааны гол зорилго нь Энэтхэгийн стратегийн олон тооны объектуудад цохилт үзүүлэх явдал бөгөөд тус цэргийн ажиллагааны эхний шатанд Исламабад Энэтхэгийн “Брамос” пуужингийн агуулах, агаарын зэвсэгт хүчний Удхампур, Патханкот баазууд, Ури хот дахь Энэтхэгийн зэвсэгт хүчний штаб, зэвсгийн агуулахад цохилт үзүүлж, цахим халдлагаар Энэтхэгийн эрчим хүчний системийг доголдуулжээ.
Пакистаны зэвсэгт хүчний олон нийттэй харилцах албаны дарга Ахмед Шариф Чаудригийн мэдээлснээр Энэтхэг Пакистаны нисэх хүчний Нур-хан, Мюрид, Шоркот баазуудад пуужингийн цохилт үзүүлсэн ч Исламабад тэдгээр пуужингуудын дийлэнхийг нь замд нь устгаж чаджээ.
Өнгөрсөн сард Энэтхэгийн хяналтад байх Кашмир мужийн Пахалгам хотод “Кашмирын эсэргүүцэл” нэртэй зэвсэгт бүлэглэл жуулчид руу гал нээж, 26 хүний аминд хүрсэн явдалд Дели Исламабадыг буруутгаснаар угийн таатай байгаагүй хоёр улсын харилцаа улам хурцадсан юм.
Өнгөрсөн лхагва гарагт Энэтхэг болон Пакистаны нисэх хүчний 125 сөнөөгч онгоц агаарт нэг цаг орчим тулалдсан нь орчин цагийн нисэх хүчний түүхэн дэх хамгийн том бөгөөд хамгийн удаан үргэлжилсэн агаарын тулаан болжээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com