
The Walt Disney компани Ойрх Дорнод дахь анхны сэдэвчилсэн паркаа Саудын Нэгдсэн Эмират улсад нээхээ мэдэгджээ. The Walt Disney компани Саудын Нэгдсэн Эмират улсын Miral компанитай хамтран Абу Даби хотын Яс арал дээр соёл амралтын хүрээлэнгээ барихаар төлөвлөжээ.
Саудын Нэгдсэн Эмиратын Miral компани нь Яс арлыг жуулчдын соёл амралтын төв болгон хөгжүүлэх ажлыг хариуцдаг ба тус арал дээр өнөөдрийн байдлаар SeaWorld Abu Dhabi, Warner Bros World зэрэг газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Дисней компани Саудын Нэгдсэн Эмират улс руу дэлхийн нийт хүн амын 1/3 нь 3-4 цаг нисээд хүрэх боломжтой учраас тус улс нь аялал жуулчлалын чухал гарц хэмээн онцолж, Абу Даби болон Дубай хотуудаар жил бүр 120 сая жуулчин дамжин зорчдог нь Саудын Нэгдсэн Эмират улс олон улсын агаарын тээврийн хамгийн том төв болохыг илтгэж байна гэжээ.
Абу Дабид баригдах Диснейлэнд нь Диснейн соёл амралтын хүрээлэнгүүдийн уур амьсгал, Эмиратын онцлог шинжийг шингээсэн парк байх болно хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Роберт Айгер тодорхойлжээ. Парк Абу Даби хотын төвөөс 20 минут, Дубай хотын төвөөс 50 минутын зайд зайд Яс арал дээр байрлах ба нийт 25 км² талбайг эзлэх аж. Miral компанийн босс Мохамед Абдалла аль Зааби Яс арал дээр Диснейн соёл амралтын хүрээлэн баригдах нь тус арлыг олон улсын соёл амралтын болон энтертайнментын төв болгох зорилтын хувьд чухал алхам болж байгааг, мөн тус паркийн бүтээн байгуулалт нь Абу Дабигийн эдийн засгийн тасралтгүй хөгжлийг дэмжинэ гэдгийг онцолжээ.
The Walt Disney компани 1955 онд Калифорнийн Анахаймд анхны Диснейлэнд паркаа, 1971 онд Walt Disney World соёл амралтын хүрээлэнгээ Флорида мужийн Орландо хотод нээж байв. Соёл амралтын хүрээлэнгийнхээ бүтээн байгуулалтыг олон улсад өргөжүүлэх ажлыг 1983 онд Японы нийслэл Токио хотод сэдэвчилсэн паркаа нээснээр эхлүүлж, 1992 онд Парис хотод, 2005 онд Хонгконг, 2016 онд Шанхай хотод Диснейлэнд паркаа тус бүр нээжээ.