
Харанга” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхманлай таалал төгсжээ.
Тэрээр 1980-аад оноос эхлэн Монголын урлаг, соёлын ертөнцөд хүнд рок урсгалыг анхлан нутагшуулахын төлөө зүтгэн хөдөлмөрлөж, “Харанга” хамтлаг болон үргэлжилж, тэд тавуул 35 жилийн турш тайзан дээр амьдарсан билээ.
Тус хамтлаг анх байгуулагдсан түүх сөхвөл 1988 оны сүүлээр Ц.Энхманлай “Рок” хэмээх Р.Мөнхсайхантай уулзаж, хамтлаг байгуулах санаатай буйгаа хэлжээ. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан Мөнхсайхан түүнийг театрын дарга МУАЖ Н.Сувдтай уулзуулсан байна. Хамтлагийн ахлагч, түүнд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан байхад Драмын театрын дэргэд яагаад хамтлаг байж болохгүй гэж ятгасан байна. Энэ уулзалтаас 7 хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгчээ. Ингэж 1989 оны эхээр хамтлаг үндэс сууриа тавьсан түүхтэй.
Анхны тоглолт
Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон “Амьдрал” дуугаар тоглолтоо нэрлэжээ. 1989 оны 10 сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15 цагт Соёлын Яамны коллегиор оржээ. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч МУАЖ, МЗЭ шагналт Э.Оюун АУЗ, МЗЭ шагналт Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхмүүд байсан байна.
Коллегийнхон удтал хуралдсаны эцэст Э.Оюун “«Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа” гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя» гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгчээ. Ингэж “Харанга” хамтлаг Соёлын Яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагуудын нэг болсон түүхтэй. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутад бүх тасалбар зарагдаж дуусжээ.
Амжилт
2009, 2011 онуудад Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийсэн. 2016 онд “Алдрын од” шагнал хүртсэн 2 дахь хамтлаг болсон бөгөөд Соёлын Төв Өргөөний орчимд тус хамтлагийн хүндэтгэлийн самбарыг байрлуулсан. Мөн бүх гишүүд нь Гавьяат цолтой, мөн Монголын түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн цор ганц хамтлаг юм.
Талийгаачийн ар гэр, найз нөхөд, “Харанга” хамтлагийнханд гүн эмгэнэл илэрхийлье.