
CNN агентлагийн SSRS фирмтэй хамтран энэ сарын 17-ноос 24-ны хооронд нийт 1678 иргэнээс цахимаар болон утсаар судалгаа авчээ. Уг судалгааны дүнгээр америкчуудын 59% нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бодлого Америкийн эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулсан гэж дүгнэжээ. Энэ нь өнгөрсөн 3-р сард явуулсан судалгааны дүнгээс 8 хувиар өссөн үзүүлэлт аж. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 6 нь Д. Трампын бодлогын улмаас амьжиргааны өртөг нь өссөн гэсэн бол 12 хувь нь л ерөнхийлөгчийн бодлого юмны үнэ буурахад нөлөөлсөн гэжээ. Америкчуудын 69% нь ирэх онд эдийн засгийн хямрал үүсэж магадгүй гэж үзэж байгаа бол 32% нь хямралтай нүүр тулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн иргэдийн 34% нь л эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэж итгэж байгаа бол 29% нь үүнд эргэлзэж, 37% нь айдастай байгаагаа илэрхийлжээ. Мөн 45-аас доош насны 10 хүн тутмын 7 нь, өнгөт арьстнуудын 76% нь эдийн засгийн нөхцөл байдал дордоно гэсэн айдастай байгаа гэжээ. Америкчуудын 55% нь Д. Трампын импортын татварын бодлогыг муу гэж дүгнэсэн бол 28% нь сайн, 17% нь аль нь ч биш гэж хариулсан байна. Зөвхөн Хятадын импортын бараанд тогтоосон татварыг иргэдийн 53% нь муу, 32% нь сайн бодлого гэж үзжээ.