
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсон агаарын бохирдлыг бууруулж чадах уу, утаа хэзээ арилах вэ гэсэн асуулт нийслэлийн иргэн бүрийн аманд бий. Иргэдийн амь нас, эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон утааг багасгахын тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Өмнө нь ажиллаж байсан Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо татан буугдаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо шинээр байгуулагдаад дөрвөн сар болж байна. Ямар ажил хийв?
-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнгөрсөн оны 12 дугаар сард буюу өвөлжилтийн бэлтгэл хангагдсаны дараа байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд нэн тэргүүнд эрхзүйн орчныг сайжруулах ажлыг хийлээ. Дараа нь 2025-2026 оны галлагааны улиралд юу түлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллалаа.
Нэгдүгээрт, сайжруулсан түлшний түүхий эдийг сольж байна. Ирэх өвлөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний баяжуулсан нүүрсээр сайжруулсан түлш хийнэ. Өөрөөр хэлбэл экспортод гаргадаг бүтээгдэхүүнээр түлш хийж, түлнэ. Мөн барьцуулагчийг сайжруулж, орц, найрлагыг нэмэгдүүлж байгаа. Ирэх оны галлагааны улиралд айл өрхийн 60 орчим хувь нь сайжруулсан түлш түлэх юм.
Шинэчилсэн тооллогоор гэр хороололд 170-172 мянган айл өрх бий. Эдгээр айлаас 50 000 айл өрхийг хийн түлш, цахилгаанд шилжүүлнэ. Үлдсэн 120 000 айл өрх сайжруулсан түлш түлнэ.
Хоёрдугаарт, гэр хороололд дэлгүүр, үсчин, дугуй засвар, нийтийн байр зэргээ халаадаг уурын зуухтай 2306 аж ахуйн нэгж байна. Энэ аж ахуйн нэгжүүдийн жилийн нүүрсний хэрэглээ 30 орчим мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэж байгаа. Энэ зуухуудыг яаж шинэчилбэл аж ахуйн нэгжид эдийн засгийн дарамтгүй байхыг судалж, тооцоолж байна.
Зургаан дүүргийн галлагаатай 2306 аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Утаанаас залхсан нь хэн бүхэнд ойлгомжтой. Гол нь эдийн засгийн дарамтгүйгээр технологийн шийдэлд шилжүүлэхэд хамтран ажиллаж байна.
Үүнээс гадна 100 кВт-аас дээш хүчин чадалтай цэцэрлэг, эмнэлэг, хорооны байрыг халаадаг уурын зуухууд бий. Том зуух эзэмшигч нартай хоёр ч удаа уулзаж, ирэх галлагааны улиралд түүхий нүүрс түлүүлэхгүй гэдгээ тодорхой хэлсэн.
-Түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн үг үү?
-Засгийн газар 2018 онд түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоол баталж, 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэвч аж ахуйн нэгжүүд өнөө маргаашийн зовлонг тоочсоор өнөөдрийг хүртэл түүхий нүүрс түлсээр байна. Үндэсний хороо өчигдөр байгуулагдаад өнөөдөр шаардлага тавиагүй гэсэн үг. Тиймээс 2025-2026 оны галлагааны улиралд түүхий нүүрс түлүүлэхгүй. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд өнөөдөр, маргаашийг аргацааж байгаад өмнөх долоон жил шиг түүхий нүүрс түлнэ гэсэн бодол битгий тээгээсэй, дорвитой арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Түүхий нүүрснээс татгалзах долоон жилийн хугацаа, боломж байсан.
-Аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээж авч байна вэ? Нүүрснээс татгалзахад бэлэн байгууллага байна уу?
-Нүүрэн дээр эсэргүүцэж байгаа нэг ч хүн алга. Ану сервис ХХК гэхэд санаачилга гаргаад ирсэн. Бусад аж ахуйн нэгжүүд одоогоор ирээгүй байна.
-Яаж хяналт тавих вэ?
-Засгийн газрын тогтоолоор ТЭЦ-II, III, IV, Амгалан, Налайхын дулааны станц, Сэлбэ дэд төвд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч, бусдад хориглосон. Бид Багануурын уурхайд энэ зургаан газраас бусад байгууллагатай түүхий нүүрсний гэрээ хийхгүй байх тухай бичиг хүргүүлсэн байгаа.
Энэ бичигтэйгээ холбогдуулан Экологийн цагдаагийн газартай хамтран ажиллана. Товчоод, хулгайн замд пост гаргуулна. Зөвхөн энэ зургаан байгууллагын нүүрс орж ирнэ, бусад газрын нүүрсийг оруулахгүй. Өмнөх жилүүд шиг түүхий нүүрс түлнэ, аргална гэж бодож байгаа бол боломжгүй, ямар нэг горьдлого тээх хэрэггүй шүү. Хийн түлш, цахилгааны шилжилт, шинэчлэлтээ эрт хийгээрэй.
-Нүүрс түлэхийг хориглохоор аж ахуйн нэгжүүд ямар шийдэлд шилжих вэ? Танайх шийдэл санал болгож байгаа юу?
-Бид судалгаа хийж, хийн түлш, цахилгаан бойлер, Heat pump, давхар шаталтад зуух, утаа шүүгч гэсэн зургаан хувилбарыг гаргасан. Агаарын бохирдлоос салъя гэвэл нүүрснээс хагацаж ядаад байх шаардлага алга, 2019 оных шиг зоригтой шийдэл гаргая гэвэл хамгийн боломжтой нь шингэрүүлсэн хийн түлш байна.
Бид энэ судалгааг хийхдээ нийслэлийн 2040 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, УБЦТС ТӨХК-тай уулзалт хийсэн. Аль хэсэг дахин төлөвлөлтөд орох уу, хаана эрчим хүчний хангамж хүрэлцэх үү гэдгийг тооцоолсон.
Хийн түлшинд шилжихийн тулд дулаалгыг маш сайн хийх шаардлагатай. Дулаалга сайн байвал эрчим хүчний хэрэглээ 60 орчим хувиар буурдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн зуух ашиглагч газруудад сургалт хэрэгтэй. Энэ ажлуудыг давхар хийнэ. Шинэ технологи руу шилжихгүйгээр өнгөрсөн жилүүд шиг урсгалаараа яваад байвал бид утаанаас хэзээ ч салахгүй.