
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдог.
Гэтэл Засгийн газраас “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-д оруулж ирсэн бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс завсарлага авч, хэлэлцүүлгийг хойшлууллаа.
- Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын 7 буюу нийт 27 авиакомпани байдгаас 2024 оны байдлаар нийт нислэгийн тоо 91,781 болж өмнөх оны мөн үеэс 44.6 хувиар, олон улсын хөөрөлт, буултын тоо 12,990 болж 34.5 хувиар, орон нутгийн хөөрөлт, буултын тоо 10,967 болж өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар тус тус өссөн бөгөөд нийт 2,167,300 зорчигч тээвэрлэснээс олон улсад 1,746,900 зорчигч, орон нутагт 420,400 зорчигч тус тус зорчсон байгаа нь 2023 онтой харьцуулахад олон улсын чиглэл 25 хувь буюу 435 мянган зорчигчоор, орон нутгийн чиглэл 0,25 хувь буюу 1000 зорчигчоор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ачаа тээврийн хувьд 2024 оны байдлаар 10,365 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд 2023 онтой харьцуулахад ачаа 21 хувиар тус тус өссөн.
- Аялал жуулчлал, эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсөлттэй байх төлөвтэй бөгөөд агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2,2 саяд хүрсэн бол 2028 онд 2,55 сая хүрэх төлөвтэй.
Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал,
- 2021 онд 27,879 тонн,
- 2022 онд 38,492 тонн,
- 2023 онд 61,719 тонн,
- 2024 онд 69,984 тонн хүрч тогтмол өссөн үзүүлэлттэй байна.
Манай орон хөрш хоёр улстай хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр нь чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой.Харин БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Замын-Үүд боомтоор, шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй. Мөн БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд өнөөдөр ашиглалтад ороод байгаа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй аж.
Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн дээрх хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ.
Үүнийг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК, түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН болон түүний хамаарал бүхий байгууллага хариуцах аж. Хуулийн төсөл өргөн барьсан хамтарсан Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 1 тонн онгоцны түлш 3.5 сая орчим төгрөгөөр цэнэглэгддэг, ОХУ-ын Москва хотод 900 гаруй ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 900 гаруй ам.доллартай дүйцэхүйц өртөгтэй байна. Нисэх дээр байгаа байгууламж “Эрчис ойл” ТӨХХК-ийн эзэмшилд иржээ.
Аливаа гэрээ 2 талдаа эрх, үүргийн хувьд харилцан тэнцвэртэй, хангагдсан байх учиртай. Гэвч ОХУ-тай хийх гэрээнд “тасралтгүй, тогтвортой, саадгүй” гэснээс өөр “хямд” эсвэл нислэгийн тийзийн үнэд эергээр нөлөөлөх ямар нэг давуу тал ороогүй байгаа нь хачирхалтай.
Харин Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол жилд 80 орчим мянган тонн агаарын түлш үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд дотоодын аж ахуйн нэгж давуу эрхтэйгээр бүтээгдэхүүнээ нийлүүлэх учиртай. Харамсалтай нь бүтэн 20 жил ОХУ энэ гэрээний дагуу Чингис хаан ОУ-ын нисэх буудал болон онгоцны түлшийг нийлүүлэх монопольчилол үүгээр эхлэх нь. Хэрвээ маргаан үүсвэл Оросын арбитрын шүүх дээр очно. Энэ бол ялалт айлын талд гэдэг нь тодорхой харагдаж байна.
Тус хэлэлцээрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн оны есдүгээр сард Монголд хийсэн айлчлалын үеэр байгуулсан бөгөөд урьдчилсан байдлаар Монголын талаас Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам тодруулбал, Ц.Туваан сайд, Оросын талаас тус улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зуржээ.
Хэлэлцээрт,
- Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны цогцолборын дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна
- Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
- Хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ
- “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах /үүнд нийлүүлэх, хадгалах, цэнэгдэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх / үйл ажиллагааг хамтарсан компани хийж гүйцэтгэнэ
- Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэх байх асуудлыг хангана
- Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз болон бусад баримт бичгийг олгох
- Цогцолборын удирдлага, ашиглалт, хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэх, гарах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, ажиллах нөхцлийг бүрдүүлэх
- Цогцолборыг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа материал, барилга угсралтын техник болон тоног төхөөрөмжийг Монгол, Оросын улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн хялбарчилсан горимоор оруулах
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдолтой төлбөр, тэр дундаа Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх
- Монголын тал төлбөр тооцоог цаг тухайд нь хийх
- Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр нэмэгдэх, гадаадын ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах эсхүл энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр, гадаадын ажилчдын квот шинээр нэвтрүүлэх түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад болон эсхүл хамтарсан компанид энэхүү хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь энэ зүйлийн зорилгын хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ
- Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш 2 сарын дотор шийдвэрлэгдэхгүй тохиолдолд талуудын аль нэг талын хүсэлтээр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд түүний холбогдох дүрэм, журмын дагуу шилжүүлнэ
- Талууд хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын процедурыг хангасан тухай оролцогч талын сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хойш 20 жилийн хугацаатай хүчин төгөлдөр байна зэргээр тусгажээ.