
Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт мэдэгдсэн. Гэсэн ч тухайн 7 хоногт ам.долларын ханш 10, 20, 30 төгрөгөөр өссөөр өнөөдрийн байдлаар ам.доллар 3533 Монгол төгрөгтэй тэнцэж байна.
Монгол Улсын валютын нөөц нь хэдийгээр нэмэгдээд байгаа боловч төгрөгийн эсрэг одоо валютын ханш сулрах ёстой гэсэн хүлээлттэй байсан ч тийм үр дүн өнөөдөр ч гараагүй байна. БНХАУ болон АНУ–ын худалдааны дайн манай улсын эдийн засагт дан болон дан бус байдлаар тодорхой хэмжээнд нөлөөлнө гэсний нэгэн эффект нь ийнхүү валютын ханш дээр илэрч байна.
Монголын эдийн засагт “Трампын тариф”-ын нөлөөлөх том суваг нь эрдэс бүтээгдэхүүний үнэ
Хамгийн одоо нөлөөлөх том суваг бол эрдэс бүтээгдэхүүний үнэ. Дээрээс нь БНХАУ–ын эдийн засаг манай экспортын хамгийн том зах зээл, бид нарын импортын бараа бүтээгдэхүүнээ авдаг эхний 2-т орох том зах зээл. Тэгэхээр нийт дүнгээрээ бол БНХАУ–ын эдийн засаг бол Монголын нийт худалдааны эргэлтийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа ийм том эдийн засаг байгаа. Тэгэхээр энэ эдийн засаг дээр нөлөөтэй гэдэг нь бол манай Монголын эдийн засагт ч гэсэн бас нөлөөтэй.
АНУ–ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын мэдэгдлийг хийснээс хойш дэлхийн эдийн засагт дэлхийн худалдааны зах зээл дээр тодорхойгүй маш олон зүйлсийг бий болж эхэлсэн. БНХАУ–ын хувьд манай мөнхийн хөрш. Нүүрсний экспортын гол зах зээлийн хувьд энэ улсын АНУ–тай хийж байгаа энэхүү худалдааны дайн манай улсын уурхайн бүтээгдэхүүний экспортод тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Валютынхаа нөөцийг голлон бүрдүүлж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт багасах, үнэ нь буурах тусам манай улсын валютын нөөц тодорхой хэмжээнд багасах эрсдэл харагдаж байгаа юм. Гэсэн хэдий ч зөвхөн энэ 2 улсын худалдааны дайн манай улсын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй дотооддоо валютын нөөц зах зээлийн нөхцөл байдал хүндрэх нь ээ гэсэн хий айдсаас үүдэлтэйгээр ам.долларыг авч нөөцлөх, хий хоосон эрэлтийг үүсгэснээс үүдэн мөн ам.долларын ханш өссөн гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханшийн өсөлтийг Монголбанк ажиглаж байгаа, удахгүй тогтворжих хүлээлттэй байна
Найман шарга дээр байгаа ханш банк хоорондын захын ханшаас 10-20 төгрөгийн зөрүүтэй байдаг. Юунаас шалтгаалдаг вэ гэхээр, бэлэн валютыг Монгол Улс гаднаас импортоор оруулж ирдэг. Тэгэхээр бэлэн валютыг оруулж ирэх ханш нь өөрөө бэлэн бус ханшаасаа 0,5%-аар өндөр байдаг. Үүнийгээ Найман шарга дээр зарж байгаа валютын ханшид шингээж өгдөг байгаа. Тодорхой бус байдал нэмэгдсэнээс шалтгаалаад Найман шарга дээрх бэлэн валютын эрэлт өсөж байгаа. Энийг бидний зүгээс ч гэсэн ажиглаж байна. Түр зуурын шинжтэй Найман шарга дээр энэ ханшийн хэлбэлзэл байна. Дунд, урт хугацаандаа бид нар ханшийг юу гэж харж байна гэхээр Монгол Улсын хувьд бол эдийн засгийн нөхцөл байдал нь харьцангуй сайн. Бид нар хэдийгээр урд хөршөөсөө ихээхэн хамааралтай ч гэсэн байгалийн асар их баялагтай. Зарим нэг бүтцийн шинжтэй арга хэмжээнүүдээ шийдчих юм бол ирээдүйдээ бид нар гайгүй болов уу гэж харж байна.
Харин ханшийн хувьд арилжааны банкнуудын болон Найман шарга худалдааны төвд гэсэн 2 өөр ханш байдаг. Өнөөдрийн байдлаар Найман шарга дээр ББСБ-ын тусгай зөвшөөрөлтэй 54 валют арилжааны цэг ажилладаг. Энд ч хүмүүсийн эрэлтийг даган валютын ханшийн зохиомол хөөрөгдөл бий болгон, үгсэх замаар үнээ тогтоон, дамлах эрэлт үүсгэсний дараа ашиг олох хандлага ч байгаа аж.