
М.Карни АНУ-Канадын хуучны харилцаа үгүй болсон гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн лхагва гарагт импортын автомашин болон автомашины сэлбэгийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор Канадын Ерөнхий сайд Марк Карни Канад болон АНУ-ын эдийн засаг, аюулгүй байдал болон зэвсэгт хүчний хамтын ажиллагаан дээр суурилсан хуучны харилцаа үгүй боллоо хэмээн мэдэгджээ.
Канадын засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд М. Карни Канадын эдийн засгийг үндсээр нь дахин авч хэлэлцэх шаардлагатай болсоныг онцолж, Оттава АНУ-ын бараа бүтээгдэхүүнд хариу татвар оногдуулна хэмээн мэдэгджээ. Тэрээр 1965 онд хоёр улсын байгуулсан АНУ-Канадын Автомашины гэрээ Д.Трампын татвараар дуусгавар боллоо хэмээн онцолсон байна. Ерөнхий сайд М.Карни канадчууд өөрсдөө хянаж, удирдаж чадах бие даасан эдийн засагтай болох шаардлагатай ба ингэхийн тулд түнш орнуудтайгаа тогтоосон худалдааны харилцаагаа дахин авч хэлэлцэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
Вашингтон Канадын импортын бараа бүтээгдэхүүнд хэсэгчлэн 25 хувийн татвар ноогдуулаад байна. Үүнд хөнгөн цагаан, ган зэрэг түүхий эдүүд багтаж байгаа юм.
Хариуд нь Оттава АНУ-ын 42 тэрбум ам.долларын бараанд татвар ноогдуулсан билээ. АНУ-ын импортын автомашины татварын нэмэгдэл ирэх сарын 2-ноос, автомашины сэлбэгийн татвар 5-р сараас хэрэгжиж эхлэх аж.