
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар гуравдугаар сарын 10-нд Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт хандан “Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх” хүсэлт хүргүүлжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүнээр ажиллах 4 жилийн хугацаа дуусгавар болох үе хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн байгаа юм. Харин Улсын Дээд шүүх одоогоор түүний хүсэлтэд хариу өгөөгүй байгаа ч зарим хуульчид “УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын ял эдлэх хугацааг хойшлуулах боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж эхэлжээ.
Тухайлбал, өмгөөлөгч Б.Мэргэн “Зөвхөн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулдаг юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэг бол 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болдог. Мөн хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргаж, шийтгэх тогтоолд бичүүлдэг болохоос 3 шатны шүүх шийдвэр гаргасны дараа шүүхэд хүсэлт өгөөд шийдүүлчихдэг ч юм биш” хэмээжээ.
37.5 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
-
Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
-
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө гэж заасан байна. Хуульд дээрх тохиолдолд л хоёр жилээр ялыг хойшлуулахаар заасан байна.