
Төрөлхийн саажилттай ч хүүхэд байхаасаа зурах, сийлэх авьяасаа тодруулж чадсан тэр 2009 оноос хойш тасралтгүй уран бүтээлүүдээ туурвисаар байна. Хөдөлгөөний бэрхшээлтэй хэдий ч хурц иртэй багаж хэрэгсэл ашигладаг тэр өөрийгөө гэмтээх, шантрах асуудал багагүй тохиосон ч бүтээлээ хийхдээ л аз жаргалыг мэдэрдэг талаараа хуваалцлаа. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь “Уран Гонгор” гэж дууддаг. Тэр одоо өөрийн бүтээлүүдээ мөнхлөхийг хүсэж байна.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
Намайг Б.Гонгор гэдэг. СУИС-ийн сийлбэрийн ангийг 2009 онд төгсөөд, тэрнээс хойш тасралтгүй уран бүтээлээ хийж байна. Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, СТА цолоор энгэрээ мялаасан.
-Бүтээлүүд нь их уран нарийн хийцтэй харагдаж байна. Нэг бүтээл хийхэд хэр их хөдөлмөр шаардаж, хэчнээн хоногийн хугацаа зардаг юм бол?
Өдөртөө гарчихаар бүтээл ч байна. Хэдэн жил нухах ч бүтээл байна. Ер нь тухайн үеийн эмоци, сэтгэл хөдлөл, орчин их хамаарна.
Тэгэлгүй яах вэ. Бүтээлээ хийгээд сууж байхад аз жаргал мэдэрдэг. Муу муухай юм бодоод эсвэл үйлдэл хөдлөлөөрөө ч гэсэн муу муухай зүйл хийгээд байх юм бол тухайн хүнээс сайн уран бүтээл гарахгүй гэж би боддог. Хүмүүс миний бүтээлийг хараад миний ертөнцийг мэдрэх ёстой. Миний хүсэл мөрөөдөл бол хязгааргүй л дээ. Монголдоо, мөн дэлхийд нэртэй сайн уран бүтээлч болж бүтээлүүдээрээ мөнхөрч үлдэхийг л хүсдэг дээ.
-Таны удамд ингэж сийлбэр хийдэг хүн байгаа юу? Та өөрөө хичээгээд олж авсан авьяас уу, өвлөгдсөн авьяас уу?
Манай аав, өвөө Төв шанхдаа нэртэй монгол гутал хийдэг уран хүмүүс байсан. Би 10 жилд байхаасаа л зурах, сийлэх сонирхолтой байсан юм. Хичээлийн дэвтрийн урдаас нь хичээлээ бичээд л ардаас нь зураг зурдаг байсан. Шантрах үе бол байлгүй яах вэ. Дандаа иртэй багажтай ажиллана. Би өөрөө хөдөлгөөний бэрхшээлтэй учраас гар хөлөө зүснэ. Шантрах үе бол зөндөө байсан. Гэхдээ өөрийгөө уран бүтээлээр хүмүүжүүлсэн гэж хэлэхэд болно доо.
-Ярилцсанд баярлалаа.