
Монгол улс Ардчиллаас ухарч Автократ засаглал руу шилжлээ
Varities of democracy институдиэс гаргасан улс орнуудын ардчиллын чанарыг үнэлэх судалгаагаар манай улсыг автократ засаглал руу шилжсэн гэж тодорхойлсон байна.
Автократ засаглалыг цөөн хэдэн үгээр илэрхийлье.
- Нэг хүний ноёрхлоос гадна нэг намд эрх мэдэл төвлөрдөг
- Хууль дүрэм үйлчилдэг ч эрх баригчдад ашигтай байдлаар хэрэгждэг
- Төрийн хяналт өндөр: Чөлөөт хэвлэл, сөрөг хүчнийг хязгаарлаж иргэдийн улс төрийн оролцоог багасгадаг
2024 онд ардчиллын индексээр 81 дүгээрт жагсаж байсан манай улс энэ жилийн хувьд эзлэх байраараа ухраагүй боловч олон үзүүлэлтээр унаж автократ засаглалтай орнуудын тоонд оржээ.
Азийн орнуудаас Шри Ланк, Малдив зэрэг улсууд шат ахиж ардчилал руу шилжсэн байна. Харин Монгол, Афганистан, Бангладеш, Энэтхэг, Киргизстан, Пакистан зэрэг улсууд эсрэгээрээ автократ засаглал руу унажээ.
Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө гурван жилд 41 байраар ухрав
Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулсан юм. Тус жагсаалтад манай улс 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгджээ. Одоогоос 10 жилийн өмнө манай улс 180 орноос 54 дүгээрт эрэмбэлэгдэж байв. Тиймээс ч Reporters Without Borders (RSF USA)-аас 2024 оны тайландаа “улс төрийн дарамтад орсон сэтгүүл зүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Манай улсад өдгөө 20 гаруй сэтгүүлч хуулийн байгууллагад шалгагдаж, 10 нь яллагдагчаар татагдсан байна.
Монгол улс Авлигын индексээр сүүлийн 10 жилд 42 байр ухарлаа
- 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
- 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байр
- 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
- 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
- 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ.
Манай улс 2022 онд авлигын индексийн оноо нь эрчимтэй буурсан, авлига өсөж байгаа 10 улсын тоонд орж байсан. Харин 2023 онд ардчиллаас хамгийн их ухарч буй орны тоонд багтаж, саарал бүсэд багтсан. Тэгвэл энэ онд Varities of democracy институтын судалгаагаар хэдийн Автократ засаглалтай орны тоонд ороод байгаа юм.
V-Dem /Varities of democracy/ институт нь НҮБ, Европын Холбоо, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг байгууллага юм. Иймд олон улсын байгууллагын санхүүжилт, тусламж, хөрөнгө оруулалт ихээхэн хүндрэлтэй болж ирнэ гэсэн үг. Мөн гаднын зээлийн хүүнд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг байна.