
Мэргэжил бүхэн сайхаан. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ дурлаж ажиллана гэдэг нь тухайн албаа нэр төртэйгээр гүйцэтгэж байна гэсэн үг ээ.
Ажлыг өөрийн мэт хандаж, аз жаргалтайгаар гүйцэтгэх нь сэтгэлээсээ хандаж байгаа л хэрэг. Тиймээс сонирхож, дурласан мэргэжлээрээ тууштай ажиллан, хэдийнээ гартаа оруулан аз жаргалтайгаар ажиллаж яваа олон олон залуус энэ нийгэмд бий. Тэр дундаа хүнсний үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл болсон залууг бид зорин очиж, баярын дугаарын контентоо бэлтгэлээ.

Түүнийг Лхагважавын Энхтайван гэдэг. Тэрбээр “Жүр Үр” бэйкерид захиалгын бялууны менежерээр ажиллаад хэдийнээ 13 жилийг үджээ.


Хүн бүрийн энэ амьдралын чухал дурсамж, давтагдашгүй тохиох мөч бүхэнд “Аз жаргалаа хуваалцъя” уриатай тэдний ажил мэргэжил торгон мэдрэмж, дотоод сэтгэл шаардсан онцгой.


-Сайн байна уу? Баярын мэнд хүргэе.
-Сайн байна уу? Баярлалаа.
-Танай хамт олон захиалгын бялууны хэсэгт ажил үүргээ гүйцэтгэдэг. Эхлээд хэрэглэгчийн захиалга авахаас эхлээд тухайн баярын ширээний бялуу үйлдвэрлэх ажил явагдаж эхэлдэг үү?
-Тийм. Хамгийн эхлээд захиалагчтайгаа уулзаад ерөнхий скиз буюу загвараа гаргаж, тодорхойлон ярилцаад тухайн бялууны загвараа гаргадаг. Ингээд эхлээд цаасан дээр зурж, ерөнхий загвараа гаргасны дагуу бялуу үйлдвэрлэх хэсэгтээ шилждэг гэсэн үг.
-Бидний зүгээс өнөөдөр “Цэргийн баяр”-т зориулан эх орон нь хэзээд дуудсан цагт бэлэн байдаг Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тэр дундаа “Бишрэлт Металл” багийн ахлагч, тамирчин Т.Ууганбаярт зориулан баярын бялуу захиалах төлөвлөгөөтэй ирлээ. Тухайн тоглогч улсын шигшээдээ өндөр үзүүлэлтийг гаргасан. Мөн тун удахгүй багтайгаа BCL лигт өрсөлдөхөөр хилийн чанадыг зорих гэж байгаа?
-Тэгвэл бялууны зорилтот эзэн нь тодорхой юм байна. Харин одоо би ерөнхий нэг скиз гаргаад, зураад хоёр давхар бялуу байхаар загвар гаргая. Бялууны дээд талд зургийн аппаратаас нь тамирчны өөрийнх нь зураг хэвлэгдэж гарч ирж байгаагаар төсөөлж зурлаа. Ийм зохиомжтойгоор хийвэл ямар вэ гэж бодож байна? Тэгээд нэмэлтээр жоохон баялаг болгохын тулд сагсан бөмбөгийн топперууд зоогоод, жимс ч юм уу, эсвэл гялтгануур ч юм уу, иймэрхүү гоё гоё жимсний чимэглэлүүд ашиглаад хийвэл арай жоохон өнгөлөг сонирхолтой болох болов уу?


-Танай бэйкери дээр ямар төрлийн бялуунаад үйлдвэрлэлээс гаргадаг вэ?
-Бялуугаа өөрийнх нь үндсэн загвар дизайнаас нь шалтгаалаад янз янз хийнэ. Манай “Жүр Үр” дээр хийгддэг бялуу болохоор сүүн крем, пондант гэсэн хоёр янзын төрлөөр үйлдвэрлэдэг. Одоо бид нарын хийхээр төлөвлөсөн бялуу бол сүүн кремтэй бялуу.
-Нэг бялуу бэлэн болоход хэдий хэр хугацааг зарцуулдаг вэ?
-Тухайлбал нэг бялууг бэлэн болгоод гаргахад, хийцлэлээс нь шалтгаалаад 20 минут, бүр 2 цаг, эсвэл хоёр өдрийн хугацааг ч зарцуулдаг.
Мэдээж тухайн захиалагчийн хүссэн сонголтоор нь хийж өгдөг. Гэхдээ яг бодит зураг байхгүй болохоор бид нар мэдээж эхлээд гар зураг зурж, эскиз гаргана. Үүний дараа үйлдвэрлэлийн ажилдаа ордог. Ер нь цаасан дээр бус бялуун дээр шууд хүнсний хэрэгслээ ашиглаад зурж байгаа болохоор тун нарийн мэдрэмж шаардана гэсэн үг л дээ.


Айл бүрийн баярын ширээнд өнгө төрх нэмэн,
“аз жаргал бэлэглэдэг” бидний ажил, мэргэжил сайхан
-Айл бүхэнд аз жаргал бэлэглэж, дурсамжит мөчүүдэд нь баярын ширээг нь чимж буй болохоор та бүхэн ажилдаа бүх л сэтгэлээ зориулдаг байх?
-Тэгэлгүй яахав. Аливаа нэг гэр бүлд аз жаргалыг мэдрүүлэхийн тулд бид нар чин сэтгэлээ зориулан бялуугаа урлах хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүнийг хийж байгаа явц, эхнээс нь дуусан дуустал бид нар өөрсдийн мэдрэмж өөрийнхөө ухаан юу байдаг юм бүх сэтгэл зүрхээ зориулж хийдэг. Тэр бялуу захиалсан хэрэглэгчид өнгө үзэмж, амт чанар нь таалагдах хүртэл сэтгэлээ шингээж, тултал л ур ухаанаа гаргаж урлана.


-Танай бэйкеригийн энэ фондант бялууны зураг хэвлэх төхөөрөмж яг л бодит мэт гаргадаг юм байна. Техник технологи ингэж гоё хөгжиж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт ч нэвтрүүлж эхэлжээ?
-Шууд шоколадыг хайлуулаад фондант бүтэцтэй болгоод, түүн дээрээ шууд хүнсний принтерийн зориулалтын принтерээр нь бодит зураг мэт хэвлэж гаргадаг. Тэгээд үүний дагуу хүрээ сууриар нь сайхан зүсэлт хийгээд топер маягаар гаргаж ирээд зоочхож байна. Энэ нь бас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэг давуу тал.


-Бялууны зохиомжоо захиалагчтайгаа ярилцаад өөр гаргаад, бас гар аргаар зураад, эхний байдлаар загвараа гаргана гэхээр бас л мэдрэмж шаардсан ажил байна?
-Одоо ямар зохиомж гаргах, ямар бялуу урлахаас шалтгаалаад өнгөний сонголт, нийлэмж, зохицлыг гаргахад тухайн бэйкеричин хүнээс мэдрэмжийг нь шаардана гэсэн үг л дээ. Зөвхөн нэмэлтээр нэг цэг тавихад л хаанаа тавих вэ гэдэг чинь бас л зохиомжийн, цаашлаад тэр л чигээрээ мэдрэмж. Хэт их гоёж, чимэглээд ирвэл замбараагүй, шавсан олон зүйл болчихдог. Ая тунг нь яг сайхан л тааруулах хэрэгтэй.


-Таны хувьд эрэгтэй хүн. Тэр дундаа хүнс үйлдвэрлэлийн салбарт яагаад энэ чиглэлээр сонгон ажиллах болов?
-Би анх ШУТИС-ийг дизайны мэргэжлээр суралцан төгссөн. Санамсаргүй байдлаар энэ ажилд ороод тэгээд жилийн хугацаанд надад маш их таалагдаад, дурлаж ажиллаж эхэлсэн дээ.
Анх бялуу хийж сурч байхдаа үйлдвэр дээр дадлагажигчаар ажилд орж байлаа. Түүнээс хойш өөрөө хувь даан бялуу хийхийг маш их хүсэж байсан. Жилийн хугацаанд бас түүндээ хүрч чадсан. Анхныхаа бялууг хийгээд бас хүн чинь их их урам авдаг юм билээ. Анхны захиалагдчаа өгчхөөд маш их урам авч байсан. Түүнээс улбаалаад л бялуу урлах ажилд зүтгээд 13 жил болж байна.
Ер нь хүн өөрөө дурлан шимтэж ажиллах юм бол эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай чин сэтгэлээсээ хийж буй ажил хүний гараас урамтай, гоё нийцтэй гардаг юм болов уу гэж боддог.
-Мэдээж захиалагчийн сэтгэл санаанд нийцсэн бүтээл гардуулан өгсний дараа та бүхний бүхнээ зориулан урласан бүтээлийн үр дүн гардаг болов уу?
-Захиалагч бялуугаа гардан аваад л үнэхээр гоё болсон байна баярлалаа гэвэл тэр үгийг л сонсоод маш их баярлаж, урам авдаг даа. Тийм үгийг сонсохын тулд бид нар эхнээсээ бүүр дуусан дуустал нь бүх сэтгэлээ гарган шингээж хийнэ гэсэн үг л дээ.


Бялуу урлахад мэдрэмжээ илэрхийлэхийн сацуу,
гарын ур дүй шаарддаг
-Айл бүрт “Аз жаргал бэлэглэж” амьдралд нь тохиох дурсамж бэлэглэж байгаа учраас та бүхний ажил үргэлжид өөдрөг байдаг бизээ?
-Манай компаниас гаргаж байгаа уриа бол ширхэг зүсэм бялуу болгон ч гэсэн бүх хүнд аз жаргалаа хуваая гэсэн утгатай. Аз жаргалыг хүмүүстэй хуваалцаж, түгээж байна аа гэсэн уриатай л гэсэн үг л дээ.
“Жүр Үр” компанийн яг энэ бидний ажилладаг энэ давхар бол захиалгын бялуу буюу дрийм кэйк нэртэй хэсэг. Манай хамт олон одоогийн байдлаар 16 хүний бүрэлдэхүүнтэй мөн хоёр цех дээр ажилладаг. Бид бүхэн хэрэглэгчээс орж ирсэн захиалгыг хүссэн хэмжээ, загвар дизайны дагуу шууд тухайн өдөр цаг минутад нь хийж өгдгөөрөө онцлогтой. Манай захиалгын бялуу маань дотроо хоёр төрлийн бялуу гаргадаг. Энэ нь сүүн крем болон фондант гэсэн хоёр төрлийн бялуу үйлдвэрлэдэг.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье


-Энэ зориулан хийсэн бялууг “Бишрэлт Металл” багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Т.Ууганбаярт илгээж байна. Цаашдынх нь тэмцээн уралдаанд нь амжилт хүсэхийн зэрэгцээ дээд лигийн аварга болохыг ерөөе. Мөн эр цэргийн алба хаасан Монгол орныхоо нийт цэргүүддээ, эрчүүддээ баярын мэнд хүргэе ээ.
Ингээд бид баярын өдөрт зориулсан контентынхоо зураг авалтын эхний хэсгээ өндөрлүүлээд сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнийг зорин очлоо. Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн Плей-оффын тоглолтууд ид ширүүхэн өрнөж буй энэ өдрүүдэд баг болгон тун чухал хариуцлагатай тоглолтыг хийж буй.


“Бишрэлт Металл”-“Завхан Бродерс” багуудын цувралын гурав дахь тоглолтын дараа бид тус багийн ахлагч болон багийнханд зориулан урласан баярын бялууг нь гардуулан өглөө.
-Сайн байна уу? Юуны өмнө Плей- оффын тоглолтууддаа амжилттай оролцож буйд нь баяр хүргэе. Дараагийн тоглолтуудад нь амжилт хүсье?
-Сайн байна уу? Баярлалаа. Баяртай байна. “Жүр Үр” болон “Өрөг.mn” сайтын хамт олонд маш их баярлалаа. Лигийн аварга авахын төлөө багаараа хичээнэ ээ. Эх орныхоо торгон хилээ хамгаалж байгаа эр цэргүүддээ, баярын мэнд хүргэе. Бас эх орон нь дуудахад хэзээд бэлэн байдаг спортынхондоо баярын мэнд хүргэе.

