
“Амьдралын төлөөх аавууд” төслийн зохицуулагч Ч.Гансүхтэй бид эрчүүдийн сэтгэл зүй болоод тэдэнд хэрэгцээ, шаардлагатай байгаа асуудлын талаар ярилцлаа.
Тэрээр, “Эрэгтэй хүн хайрыг эрчүүдээс л авдаг. Эрчүүд бөөнөөрөө анд яваад ирэх, эсвэл загасанд яваад ирэхээрээ маш эрч хүчтэй болоод, эхнэрээ хайрлаж, санаа тавих эрч хүч, энергитэй болдог. Эрэгтэй хүн өөрийгөө сул дорой гэж мэдрүүлэх дургүй. Эрчүүд хүндлэлийг, эмэгтэйчүүд хайрыг хүсдэг гэдэг. Тэгвэл эрэгтэй хүн хайрыг хаанаас авдаг юм. Яагаад монголчууд эр хүн, эр хүндээ хайртай гэдэг юм. Эрчүүд туулж байгаа сорилт бэрхшээл зэргээ хуваалцсаныхаа дараа хайрлагдсан гэсэн мэдрэмжийг авдаг. Эрчүүдийн зөв, эерэг харилцаагаар дамжуулаад зоригжуулдаг бүлэг уулзалт хэрэгтэй гэж харж байна. Тэндээсээ хайрлагдсан мэдрэмж аваад, гэр бүл, эхнэр, ханьдаа, үр хүүхдэдээ өгч чадна.
Хүний тархи угаасаа шүүмжлэлийг хүлээж авахаар бүтээгдээгүй. “Чи гэр бүлээ авч яваа нь хаана байгаа юм, болж байгаа нэг ч зүйл алга. Чи эр хүн байж ийм байна” гэдэг үг тэднийг унтраадаг. Аль болох урмын үг эрэгтэй хүнд хэрэгцээтэй. Ганц эрэгтэй ч гэлтгүй эмэгтэй хүн, хүүхдэд ч тэр. Манай монголчууд цаасан малгай өмсгөнө гэж санаа зовоод байдаг. Тийм учраас хэрэгцээтэй үгийг нь хэлэхээс илүүтэй болохгүй байгаа зүйлийг нь хэлчихвэл түүнийгээ засна гэж боддог. Аль болох эрүүл, итгэлцлийн орчинд эрэгтэй хүн өөрийгөө улам илүү сорьж, гэр бүлийнхээ төлөө зүтгэнэ. Аль болох нөхөртөө итгэх хэрэгцээ байгаа юм. Энэ орчныг яаж бүрдүүлэх гэхээр, магадгүй урмын үг байж болно. Үүрэг хариуцлагыг нь эрэгтэй хүнд нь өгөх. Тэр нь чи чадна гэсэн мэдрэмжийг өгч байгаа юм.
БИД ААВГҮЙДЛИЙГ 40 ЖИЛ ТУУЛЖ, ҮЛГЭРЛЭХ ХҮНГҮЙ НИЙГЭМД ӨССӨН
Судалгаагаар харагдсан зүйл нь юу гэхээр, эрчүүдэд зөв үлгэрлэл маш дутмаг гэж байна. 1990-2000 онд “аавгүйдэл” их байсан. Аавууд нийгмийн байдлаас үүдэлтэй архинд орсон. 2000-2010 оны хооронд аавууд маш их гадагшаа явж эхэлсэн. Аавууд яваад эхлэхээр яах вэ. Гэр бүл дахиад л эзгүйрч, аавын орон зай дутагдсан. 2010-2020 оны хооронд уурхайчид ихэссэн. Хэдийгээр аав нь байгаа ч гэсэн олон хоногоор явдаг. 2020 оноос хойшоо хажууд байгаа хэрнэ, утаснаас болж байхгүй орон зай нэмэгдсэн. Бид аавгүйдлийг 40 жилийн хугацаанд амсаж байна. Энэ зүйл нь эр хүн ямар байх ёстой гэсэн тэр дүр төрхийг байхгүй болгож байгаа юм. Сармагчин юу харснаа үйлддэг гэсэн үг бий. Бүхэл бүтэн нийгмээрээ аавгүй 40 жилийг туулахаар, хэрхэн яаж оролцохоо мэдэхгүй. Яаж аав байхаа мэдэхгүй. Яаж нөхөр байхаа мэдэхгүй бүхэд бүтэн нийгмийн үе давхарга бий болж байгаа юм. Тийм болсон хүн зарим тохиолдолд айдастай байна. Би нөхөр болмооргүй байна. Би аав болмооргүй байна. Манай аав архичин байсан. Би ийм хүнтэй суумааргүй байна гэдэг бүхэл бүтэн эмэгтэйчүүдийн үе гарч ирж байгаа гэсэн үг.
Аавгүйдлийн тойрог хэрхэн нөлөөлдөг вэ. Гэмт хэрэгт холбогддог хүмүүсийн дийлэнх хувь нь аавгүй өссөн байдаг гэж. Дэргэд маань үлгэрлэх тэр хүний орон зай байхгүй болох үед, тэр орон зайгаараа бусдад хандаж байдаг гэсэн үг. Яаж хандахаа мэдэхгүй” гэлээ.