
Өнгөрсөн 1-р сарын 28-нд Air Busan агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоцонд гарсан гал зөөврийн цэнэглэгчээс болж гарсан байж болзошгүй аж.
Онгоцонд гарсан галын улмаас тус онгоцоор зорчиж байсан 3 хүн хөнгөн гэмтэл авсан билээ.
Өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын Тээврийн яам ослын урьдчилсан шалгалтаар гал анх гарсан тээш хадгалах хэсгээс олдсон зөөврийн цэнэглэгч нь гал гарах гол шалтгаан болсон байж магадгүй гэж үзэж байгаа тухай мэдэгджээ.
Агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлын үүднээс зорчигчдодоо онгоцонд зөөврийн цэнэглэгч авч орохыг хориглоод байгаа билээ. Зөөврийн цэнэгчлэгч доторх лити батерей гэмтсэн тохиолдолд эсвэл үйлдвэрлэлийн явцад гарсан алдаанаас болж зөөврийн цэнэглэгч дотор богино холболт үүсэж, их хэмжээгээр халж, цаашлаад шатах аюултай юм.
Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын гаргасан журмаар 2016 оноос лити-ион батерейг зорчигч тээврийн онгоцны ачаанд тээвэрлэхийг хориглосон байдаг аж.
Air Busan компани зорчигч тээврийнх нь онгоцонд гал гарсан явдлаас хойш зорчигчдод гар тээшиндээ зөөврийн цэнэглэгч авч орохыг хориглосон ба China Airlines, Thai Airways зэрэг агаарын тээврийн компаниуд адил журмыг мөрдөж эхэлсэн бол Singapore Airlines, Scoot компаниуд 4-р сарын 1-нээс нислэгийн явцад зөөврийн цэнэглэгчээ цэнэглэх, ашиглахыг хориглохоор болжээ.
БНСУ-ын засгийн газар 2-р сарын 28-нд онгоцоор зорчигчид нь зөөврийн цэнэглэгчээ тээшний хэсэгт хийлгүйгээр биедээ авч явах ёстой гэсэн журам гаргасан юм.
Эx Сурвалж: Arirang News