
ХБНГУ-ын хамгийн том үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох Verdi энэ даваа гарагт Германы арав гаруй нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах тухай урьдчилж мэдэгдээд байгаа билээ.
Verdi үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэнээр ажил хаялтад Мюнхен, Штутгарт, Франкфурт, Кёльн/Бонн, Дюссельдорф, Дортмунд, Хановер, Бремен, Хамбург, Берлин-Бранденбург, Ляйпциг-Халле нисэх онгоцны буудлуудын ажилчид нэгдэх ба үүнтэй холбоотойгоор энэ даваа гарагт 510 мянга гаруй зорчигчдын нислэг цуцлагдаж эсвэл хойшлогдох төлөвтэй байгаа аж.
Verdi үйлдвэрчний эвлэлээс зарласан ажил хаялтанд өнгөрсөн ням гарагийн оройноос Хамбург хотын нисэх онгоцны буудлын ажилчид урьдчилж мэдэгдэлгүйгээр нэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор нисэх онгоцны буудал хаалгаа барьсан байна. Бүртгэлээ хэдийн хийлгэж, ачаагаа өгсөн зарим зорчигчид нисэх онгоцны буудал дээр гацсан байдалтай үлджээ. Нисэх онгоцны буудлын ажилчид цалин нэмэхийг шаардаж байгаа ба Verdi үйлдвэрчний эвлэлээс ажил хаялт зарлах нь шууд нөлөө үзүүлэх үр дүнтэй арга гэдгийг онцолжээ.