
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд хуралдаж Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50%-аар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуулалт хийх шийдвэрийг тус тус гаргалаа.
Эдгээр бодлогын шийдвэрийг гаргахад эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлвийг харгалзан үзсэн хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
“АНУ-аас хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөө үзүүлэхээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах шалтгаан болж байна. Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9,6%, Улаанбаатар хотод 9,7%-тай гарсан. Үүнд цахилгааны үнийн өсөлт үнийн дам нөлөө болон өрхийн цалин орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь гол нөлөө үзүүлсэн. Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсөж, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан Монголбанк инфляцынхаа төсөөллийг нэмэгдүүллээ.
Улмаар инфляц энэ оны туршид Төв банкны зорилтоос давж ирэх оны хоёрдугаар улирлаас зорилтот интервал руу орж тогтворжихоор төсөөлөл гарсан байгаа. Хэдийгээр зардлын шалтгаан давамгайлан инфляц Төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёрдахь үеийн нөлөө нэмэгдэх зэрэг эрсдэлийг бууруулахын тулд энэ бодлогын тохиргоог хийх зайлшгүй шаардлага гарсан.
Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтуудыг гадаадын эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодоос санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг мөн энд дурдах нь зүйтэй. Урьдчилсан зүүд гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4,9%-тай буюу одоо бидний хүлээлтээс бол бага зэрэг доогуур гарсан байгаа. Эдийн засгийн өсөлт ийнхүү удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан. Малын зүй бус хорогдол нэмэгдэж ХАА-н салбар хурдтай агшсан,боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлон нөлөө үзүүлсэн. Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг 7-8 хувьд хэвээр хадгалахаар Монголбанк шийдсэн.
Тухайлбал Оюутолгойн нөлөөгөөр уулын уурхайн үйлдвэрлэл идэвхжих, ХАА-н салбар зудын хүндрэлээс сэргэх шинэ төслийн бүтээн байгуулалтууд эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байна. Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн явц гадаад эрэлт зэрэг нь эдгээр одоо дунд хугацааны жилүүдийн өсөлтөд нөлөөлөхөөр тооцоо, судалгаа хийгдсэн.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байна. Мөн тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээл өр, орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна. Иймээс Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн өрхийн өрийн дарамтыг бууруулах зээлийн хэт өсөлтөөс сэргийлж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчид үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнийг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох ийм шийдвэрийг тус тус гаргасан болно” гэлээ.
Манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээр хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулж байна.
Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна гэдгийг энд онцлох нь зүйтэй юм.
Мөн гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх хугацаатай давхцаж байна.
Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт чухал нөлөөтэй.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байна. Мөн тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлийн өр-орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна.
Түүнчлэн, өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус тус гаргалаа. Дээрх бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.
Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэдгээ Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдлээ.