
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг түр зогсоохыг үүрэг болгожээ.
Тэрээр уг шийдвэрээ өнгөрсөн баасан гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Цагаан ордонд хийсэн уулзалттай холбоотойгоор гаргасан хэмээн CNN агентлаг үзэж байна.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, “АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Украинд энхийг тогтоохыг зорьж байгаа.
Түнш орнууд маань ч уг зорилгод үнэнч байх хэрэгтэй байна.
Бид Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламж нь уг зорилгын хэрэгжилтэнд хувь нэмэр оруулж байгаа эсэхийг шалгахын тулд Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа түр зогсоож байна.” хэмээн бичжээ.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Ерөнхийлөгч Д. Трампын уг шийдвэр нь Украины Ерөнхийлөгч В. Зеленскийн Цагаан ордонд гаргасан “бүдүүлэг” үйлдэлд үзүүлсэн хариу арга хэмжээ бөгөөд Ерөнхийлөгч В. Зеленский уучлалт гуйж, Украин дахь дайныг дуусгах чин хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлбэл Вашингтон Украинтай байгалийн нөөцийн гэрээ хийж, зэр зэвсгийн тусламжаа сэргээх аж.
Түүнээс гадна Д. Трампын шийдвэр нь Украинд дарамт үзүүлэх стратегийн нэг хэсэг хэмээн зарим ажиглагчид үзэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн баасан гарагт CNN сувагт өгсөн ярилцлагадаа Украины Ерөнхийлөгч В. Зеленский уучлалт гуйх ёстой хэмээн мэдэгдсэн билээ.
CNN агентлагийн онцолсоноор сүүлийн хэдэн долоо хоногуудад Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өмнө хийж байсан мэдэгдлүүдийг давтах болсон ба ингэхдээ ОХУ-Украины дайныг Киев эхлүүлсэн, Ерөнхийлөгч В. Зеленский бол дарангуйлагч хэмээн буруушаажээ.
Түүнчлэн Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг зогсоох шийдвэр нь дайны үр дүнд нөлөөлж, ОХУ-ын армид ялалт байгуулахад нь тусална хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. ОХУ Украин руу довтолсоноос хойш Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргаа Киевт зэр зэвсгийн 74 багц тусламжийг үзүүлэх шийдвэр гаргасан юм.
Тэдгээр багц тусламжуудын хамгийн том нь 3 тэрбум орчим ам.долларын зэр зэвсгийн тусламж байсан ба Украины Ерөнхийлөгч В. Зеленский тухайн үед АНУ-д талархаж буйгаа удаа дараа илэрхийлж байсан билээ.
Эx Сурвалж: CNN.COM