
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоноосоо хойшхи засгийн газрын анхны хуралдаанаа хийжээ.
Хуралд салбар салбарын сайд нараас гадна АНУ-ын Төрийн Бүтээмжийн албыг удирдаж буй Илон Маск оролцсон байна.
Тэрээр Төрийн бүтээмжийн албанаас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь улсын төсвийн алдагдлыг бууруулж, олон их наяд ам.долларыг хэмнэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолжээ.
И. Маскийн хэлсэнээр тэдгээр арга хэмжээг авахгүй бол АНУ дампуурах аюултай аж. Ерөнхийлөгч Д. Трамп засгийн газрын хуралдааны үеэр И. Маскийн хичээл зүтгэлийг үнэлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Боловсролын яам болон Байгал орчин хамгааллын агентлагийг цомхтгох эсвэл татан буулгахыг үүрэг болгосон байна.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Д. Трамп засгийн газрынхаа гишүүдэд гадаадын иргэнд олгох олон үндэстний цагаачлалын виз буюу ногоон карттай адил алтан карт гаргах саналаа танилцуулсан байна.
Алтан картыг АНУ-ын засгийн газарт 5 сая ам.доллар төлсөн цагаачдад олгох ба алтан карттай болсоноор тухайн иргэн АНУ-д ажиллаж амьдрах эрхтэй болохоос гадна энэхүү карт нь АНУ-ын иргэн болох үйл явцыг нь түргэвчилж өгөх аж.
ОХУ-Украины дайны тухайд Д. Трамп энэ баасан гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Цагаан ордонд айлчилж, АНУ-ын зэр зэвсгийн тусламжийн хариуд Украины байгалийн нөөцийн ашиг орлогоос тодорхой хувийг АНУ-д төлөх тухай гэрээнд гарын үсгээ зурна хэмээн мэдэгджээ.
Түүний хэлсэнээр Вашингтон тус гэрээнд гарын үсгээ зурах нь Украинд аюулгүй байдлын баталгаа өгч байгаа явдал биш бөгөөд Европын холбоо нь Киевийн аюулгүй байдлыг хангагч гол хүч болох аж.
Түүнчлэн Д. Трамп Киевийн НАТО-д элсэх хүслээс болж ОХУ Украин руу довтолсон гэж үзэж буйгаа илэрхийлэн, Украин улсыг НАТО-д элсэх хүслээ мартахыг зөвлөжээ.
Эx Сурвалж: CNN.COM