
Нарлаг басхүү спортлог арал Гуамыг зориод ирсэн аян замын тэмдэглэл эвлүүлэхийг сэтгүүлчийн зүгээс зорилоо. Монголчууд Гуамын арлыг аялал жуулчлал тэр дундаа спортын сагсан бөмбөгийн төрлөөр нь илүү их мэддэг болсон биз ээ.
“Өрөг.Мн” сайтын томилолтын баг цөөн хоног хэдий ч энэ удаад Монгол улсын спортын тэр дотроо багийн төрлийн түүхэн тоглолт болоод хожлын гэрч нь болсондоо бэлгэшээж буй.

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Ази тивийн аваргын эрх авах тэмцээний урьдчилсан шатанд шалгарсан. Энэ хүрээнд Гуамын талбайд хэсгийн зочлон тоглолтоо нэр төртэйгээр хийн өрсөлдөгчөө хожсон явдал эл спортын хуудаснаа тод бичигдэн үлдэж байна.


Өмнөд арал Гуам
Гуам бол Номхон далайн баруун хэсэгт эквадороос хойш 900 милийн зайд оршдог, соёлын өв, бахархалаар баялаг АНУ-ын хараа хяналтын нутаг дэвсгэр юм. Гуам нь 4-8 миль өргөн, 32 миль урт бөгөөд Микронезийн арлуудын хамгийн том нь ажээ. Гуамын халуун орны намгархаг газар нутаг, хот суурин газруудын хамт 220 хавтгай дөрвөлжин миль талбайг эзэлдэг. Мариана арлын гинжин хэлхээний хамгийн өмнөд арал гэдгээрээ алдартай.


Нийслэл нь Хагатна
Гуамын нийслэл нь Хагатна бөгөөд хамгийн олон хүн амтай хот нь Дедедо юм. АНУ-ын хамгийн баруун цэг ба нутаг дэвсгэр бөгөөд Далайн тивд Гуам бол Марианы арлуудын хамгийн том нь.


Уугуул иргэд нь Чамморро хэлээр ярьдаг
Гуамын уугуул иргэд бол Малай, Филиппин, Тайвань, Полинезийн Австронезийн үр удам. Тэд өөрсдийг Чаморро гэж нэрлэдэг. Чаморро хэл нь Палауан хэлтэй төстэй. 2022 оны байдлаар Гуамын хүн ам 168,801. Чаморрос бол хамгийн том угсаатны бүлэг боловч олон үндэстний арлын цөөнх ажээ. Энэ нутаг дэвсгэр нь 210 хавтгай дөрвөлжин миль (540 км2; 130,000 акр) бөгөөд хүн амын нягтрал нэг хавтгай дөрвөлжин миль (299/км2) тутамд 775 хүн амтай. Чаморрочууд Гуам болон Мариана арлуудад ойролцоогоор 3500 жилийн өмнө суурьшсан.


1950 оноос АНУ-ын хараа хяналтын нутаг дэвсгэр болов
1898 онд Испани улс Гуамыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хяналтанд шилжүүлжээ. Ингээд 1950 оноос АНУ-ын хараа хяналтын нутаг дэвсгэр болсон байна.
Гуам нь НҮБ-аас бүртгэлтэй 17 өөртөө засах газар нутгийн нэг бөгөөд 1983 оноос хойш Номхон далайн хамтын нийгэмлэгийн гишүүнээр элсжээ.


Аялал жуулчлал болон Цэргийн хүчнээс гол санхүүжилтээ бүрдүүлдэг
2024 оны эхний 11 сарын байдлаар 701,484 жуулчин хүлээж авчээ. Энэ нь цар тахлаас өмнөх 2019 оны үзүүлэлтийн 47 хувь нь л ажээ.


Спортлог арал
Гуам арлын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Азидаа хүчирхэгт тооцогддог. Чансаагаараа тивдээ топ 10-т эрэмбэлэгддэг.
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны далайн аварга шалгаруулах тэмцээнд Австрали, Шинэ Зеландаас өөр баг мөнгөн медаль хүртсэн ганцхан тохиолдол байдаг. Энэ нь Гуамын шигшээ баг юм.


Тэдний сүүлийн үед үзүүлсэн тоглолтын үр дүн нь Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны “С” хэсгээс гурваар гарсан явдал юм.
Тус арлын талбайд Монгол болон Гуамын шигшээгийн тоглолтын дараа тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас товч ярилцлага авснаа хамтатган хүргэе.


Гуамын шигшээ багийн ахлах дасгалжуулагч EJ.Calvo: Би 2013 оноос шигшээ багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилогдсон
Манай шигшээ багийн хувьд их сонирхолтой. Манай Гуамд яг мэргэжлийн тамирчин байхгүй, мэргэжлийн лиг бас байхгүй. Манай арлынхан сагсан бөмбөгт их дуртай. Сагсан бөмбөгөөр мэргэжлийн түвшинд хичээллэнэ гэвэл гадны оронд очиж тоглох болдог. Бид өнөөдөр хүүхэд залуустай мөн энд Гуамд амьдардаг тамирчидтайгаа маш сайн ажиллаж байгаа. Манай багийн тамирчдын хагас нь Гуамд байдаг. Бид нар өдөр бүр бэлтгэлээ хийдэг. Бусад нь өөр өөр газарт мэргэжлийн сагсан бөмбөгөөрөө хичээллэдэг.


Том тэмцээн уралдаанд оролцох болохоороо бүгд цуглаж, багаа бүрдүүлдэг. Бидний хувьд ийм том боломж гарсанд сэтгэл маш их хөдөлж байна. Хятадын эсрэг бид бүх боломжоо ашиглан тоглохыг хичээнэ. Бидний хувьд энэ тоглолт нь бас нэг том сорил болж өгөхөөс гадна Гуамын түүхэнд бичигдэх юм. 160 мянган хүн амтай Гуам арал дээр Хятадын эсрэг тоглох нь түүхэн үйл явдал. Тиймээс маш их сэтгэл хөдөлж байна. Анх 2013 онд шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Хятадын Тяньжинд болсон Зүүн Азийн тэмцээнд багаа дасгалжуулж оролцсон эхний тоглолт нь Монголын эсрэг байсан.


Тус тоглолт Гуамын арлын University Calvo Field House сургуулийн 3892 хүний суудалтай спорт зааланд явагдсан. Тус сургууль нь спортын мэргэжлийн тамирчдыг өндөр түвшинд бэлтгэдэг.
- Сагсан бөмбөг
- Хөлбөмбөг
- Бейсбол
- Волейбол
- Мэргэжлийн хөлбөмбөг
- Бадминтон зэрэг төрлүүдээр мэргэжлийн түвшинд оюутан тамирчдыг бэлтгэн спортын зах зээлд нийлүүлдэг сургууль ажээ.


Field House нь Их Сургуулийн эрдэм шинжилгээ, спорт, амралт чөлөөт цагийн хэрэгцээнд үйлчлэхээс гадна арал даяар иргэний төв болж үйлчилдэг ажээ.


Уур амьсгал, цаг агаар
Гуам халуун орны ширэнгэн ойн уур амьсгалтай. Жилийн туршид цаг агаар нь ихэвчлэн халуун, чийглэг байдаг бөгөөд улирлын температурын өөрчлөлт багатай байдаг. Дунджаар 30 градусын дулаан. Гуам нь жилийн турш ижил температуртай байдаг. Далайн түрлэг нь ч тогтмол. Хуурай, нойтон гэх хоёр улиралтай. Хуурай улирал 1-р сараас 5-р сар хүртэл үргэлжилнэ.
Харин зургаадугаар сар бол шилжилтийн үе. Нойтон улирал 7-р сараас 11-р сар хүртэл үргэлжилнэ. Мөн хар салхины замд оршдог. Нойтон улиралд халуун орны шуурга болон болзошгүй далайн хар салхи аралд заналхийлэх нь элбэг байдаг.
Цагийн зөрүү Монгол улсаас хоёр цагийн бүсчлэлээр түрүүлж явдаг юм.


Замын хөдөлгөөний зүүн гарын дүрэмтэй


Гуам арлын иргэд автомашинаа тун цэгцтэй жолооддог. Замын хөдөлгөөний дүрэм нь маш ойлгомжтой. Зүүн гарын дүрэмтэй бөгөөд явган зорчигч зам хөндлөн заасан шугамаар гарахаар бол удаан хүлээхгүйн тулд хажуу талын шон дээр байрлах зорчигчийн товчлуур дээр дардаг.


Мөнгөн тэмдэгт
Тус арал нь АНУ-тай адилаар ам.доллароор гүйлгээ болон худалдан авалтаа хийдэг. Арал дээр АНУ-ын цэргийн баазууд байрладаг юм. Хэрвээ арлыг тойрон аяллаар үзэхээр бол шатлбасаар зорчих эсвэл өдрийн 75 ам.доллар төлөөд автомашин түрээсэлж болно.


Дотоодын болон гадны аялагч жуулчид
Хэрвээ та Гуамын арлыг зорих гэж буй бол юуны түрүүнд АНУ-ын виз мэдүүлэх учиртай. Тус арлын зүгээс аялагч, жуулчдыг Америкийн визтэй байхыг шаарддаг. Хоол хүнс, бараа бүтээгдэхүүний хувьд ер нь л үнэтэй талдаа байдаг.
Газар нутгийн хувьд Япон болон БНСУ-тай ойролцоо учраас тус хоёр улсаас жуулчид, аялагчид маш ихээр зорин очдог.
Харин бидний хувьд БНСУ-аас дамжин нислэг хийж, Гуам руу зорихдоо нэг талдаа 03 цаг 40 минутыг зарцуулан очсон билээ.


Нарлаг бөгөөд цэцгэн арал


Халуун орны жишгээр алдартай далдуу мод, өнгө өнгийн цэцэгс алагласан халуун, бүгчим басхүү хуурай салхитай байлаа.
Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд тэр дундаа далайн орнууд тухайн нутгийн онцлогийг илтгэсэн бэлэг дурсгалын зүйлс, өөрийн нэрийн бүтээгдэхүүнээрээ жуулчдын харааг эрхгүй татдаг. Энэ ч утгаараа сувинер, хөргөгчний соронзон наалт, бэлэг дурсгалын зүйлс дотроос хамгийн ихээр анхаарал татсан нь Plameria буюу Плюмериа хараа булаах цэцэгс Хавай арлаас гаралтай.


Plumeria цэцэгсийн талаар түүх сөхөөд үзвэл энэ төрөл нь 17-р зууны Францын ургамал судлаач, католик шашны лам Чарльз Плюмьегийн нэрээр нэрлэгджээ. Тэрбээр шинэ Дэлхийд аялж, олон ургамал, амьтны төрөл зүйлийг баримтжуулсан байна. Плюмериа нь ялангуяа цэцэрлэгчлэлийн хүрээнд түгээмэл нэр болгон хэрэглэгддэг ажээ.


Баярлалаа цэцгэн бас нарлаг Гуам. Баяртай спортлог Гуам…

