
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын тамирчид спортын ертөнцөд шуугиуллаа. Энэ удаад мөсөнд авиралт, усанд сэлэлт, биллиардын төрлийн Монголын тамирчдын Олон улс, Ази тивдээ үзүүлсэн амжилтыг онцлоё.
Төрсөн ах дүүс мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын аварга боллоо
Уулын спорт тэр дундаа мөсөнд авиралтын төрлөөр хичээллэдэг Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ төрсөн ах дүү нар “Дэлхийн цом”-ын аварга болов.
Олон улсын уулын холбооны (UIAA)-ны 2025 оны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх цуврал АНУ-ны Логнгмонтод болж өндөрлөв.
Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин, “УБ Дулаан Сүлжээ” ТӨХК-ийн ажилтан ОУХМ Н.Хэрлэн эрэгтэй хурдны төрөлд түрүүлэн алтан медалийн болзол хангалаа.
Тэрбээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсоны сацуу 6 жилийн дараа Америк тивд эргэн ирж ийн өмнөх амжилтаа хамгаалан бататгаж байгаа юм.

Түүний төрсөн дүү МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн Спорт аялал жуулчлалын II дамжааны оюутан ОУХМ Н.Сэлэнгэ эмэгтэй хурдны төрөлд мөн түрүүлснээр ах, дүү аваргууд Монгол Улсын Төрийн дууллаа өнөөдөр эгшиглүүлж байна.
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 3 дараалан түрүүлж гайхалтай амжилт үзүүллээ. Мөнгөн медалийг эзэн орны Каталина.Ш, хүрэл медалийг дэлхийн аварга Чехийн Анета.Л нар тус тус хүртжээ.
“Сутайн бор” клубээс АНУ-д Дэлхийн цомын хос аваргууд ийн мэндэлж байгаа юм.
Монголын багийн тамирчин ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медаль, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Самуэл.С, Спортын мастер О.Сайханжаргал шагналт VI байрт тус тус шалгарч өрсөлдлөө.
16 настай Э.Эрхэс усан спортын ДАШТ-д өрсөлдөнө


Усан спортын тамирчин Э.Эрхэс 16 насандаа ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Малайз улсын Куала Лампур хотод 2025 оны 2 сарын 20-23-ны өдрүүдэд “Малайз улсын залуучуудын аварга шалгаруулах” усанд сэлэлтийн нээлттэй тэмцээн “60th Milo/Mas Malasiya Age Group” зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 2025 оны 7 дугаар сард Сингапур улсад зохиогдох усанд сэлэлтийн ДАШТ-ий эрх олгох өндөр чансаатай тэмцээн ажээ.
Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 6 тамирчин амжилттай оролцсоноос “Сэлэм Загас” клубын тамирчин ОУХМ Э.Эрхэс 50м араар даллах сэлэлтээр 25.79 амжилтыг үзүүлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Б.Нарантуяа Снукер биллиардын Ази тивийн аварга болов


Биллиардын тамирчин, ОУХМ Б.Нарантуяа нэг ч үе ялагдалгүй, Азийн аварга боллоо
Тэрбээр тэмцээний шигшээд 2024 оны Азийн аварга Энэтхэгийн тамирчинг 3-0 харьцаагаар ялж, финалд ХонгКонгийн тамирчинг мөн 3-0 харьцаагаар ялж Азийн аварга боллоо.
Б.Нарантуяа нь ОУХМ цолтой бөгөөд Ази тивийн аварга болсон анхны Монгол тамирчин.
Түүний хувьд өмнө нь снукер биллиардын ДАШТ болон Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.