
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар Баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан билээ.