
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ долоо хоногт Украинд айлчилж, ОХУ-Украины дайн болон Украинтай хамтран тус улсын газар нутаг дээр газрын ховор элементүүдийг олборлох асуудлыг хэлэлцэх аж.
Скотт Бессент нь Д. Трампын засаг захиргаанаас Украинд айлчилж буй анхны өндөр албан тушаалтан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын эхээр Киев Вашингтоноос авч буй тусламж дэмжлэгийнхээ хариуд АНУ-д газрын ховор элемент нийлүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдсэн билээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд уг саналыг өнгөрсөн намар танилцуулсан ялалтын төлөвлөгөөндөө тусгаж байсан юм.
Тэрээр уг төлөвлөгөөндөө Киев АНУ, Европын холбоо зэрэг түншүүдтэйгээ олон их наяд ам.долларын үнэ бүхий Украины байгалийн баялгийг ашиглах, хамтын хөрөнгө оруулалт хийх гэрээ хэлэлцээ хийх тухай онцолсон билээ.
Ерөнхийлөгч Д. Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц Вашингтон Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламжийнхаа хариуд Украины газрын тос, байгалийн хийн нөөцөөс импортлох сонирхолтой байгаа тухай мэдэгдсэн билээ.
Газрын ховор элементүүд нь цахилгаан автомашин, гар утас, пуужингийн систем болон өөр бусад цахилгаан хэрэгслийг үйлдвэрлэхэд ашиглагддаг бөгөөд орлуулах боломжгүй эдгээр элементүүдийн эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдсээр байгаа юм.
Европын холбооны судалгаагаар Украин улсад хамгийн эрэлт өндөртэй 34 төрлийн ашигт малтмалын 22-ынх нь орд байдаг ба үүнд барилгын материалууд, төмрийн хайлш, үнэт болон өнгөт металл, газрын ховор элементүүд багтах аж.
Түүнчлэн Украин нь нүүрсний их хэмжээний нөөцтэй ч өнөөдрийн байдлаар тэдгээр нөөцийг агуулах газар нутгуудын дийлэнх нь ОХУ-ын хяналтанд ороод байгаа аж.
Эx Сурвалж: Reuters.com