
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компани шинээр гаргах автомашинуудаа автомат жолоодлогын хамгийн орчин үеийн технологиор тоноглоно гэдгээ мэдэгджээ.
BYD компани 100 мянган юаниас үнэтэй автомашины бүх моделиуд тэр дундаа Хятадад хамгийн өндөр борлуулалттай Seagull хэтчбэк автомашиндаа God’s Eye системийг суулгах аж.
God’s Eye нь 2023 онд гарсан систем бөгөөд жолоочийн ямар ч оролцоогүйгээр зогсоолд зогсох, жолоодлого болон машины хурдыг автоматаар хянаж, удирдахаас гадна автоматаар тормозлох үйлдлүүдийг гүйцэтгэх аж.
Түүнээс гадна BYD компани автомат жолоодлогын системээ сүүлийн үед шуугиан тариад буй DeepSeek хиймэл оюун ухааны хэлний модельтэй нэгтгэхээр төлөвлөж байгаа гэжээ.
Хямд үнэтэй автомашинуудаа орчин үеийн технологиор тоноглосоноор BYD зах зээлийн тэргүүлэх байр сууриа хадгалан үлдэхийг зорьж байгаа аж. Өнгөрсөн онд л гэхэд тус компани 4 сая автомашин борлуулжээ.