
Монголчууд бид өдрөөс өдөрт хотожсоор байна. Гэхдээ нүүдэлчин монгол ахуйтайгаа бид салшгүй холбоотой байсаар ирсэн. Иймдээ ч
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон хэмээн агуу найрагч Д.Нацагдорж шүлэглэсэн байдаг.
Хөдөө нутагтаа эзэн нь байж, нүүдэлчин монгол ахуйгаа түүчээлэн яваа малчдын хөдөлмөр, зүтгэл, завгүй амьдралыг яахын аргагүй биширдэг.
Идэр есийн хүйтнээр хөдөө нутагт алс бээр суугаа малчид л байгалийн жаврыг сөрөн зогсож, хэдэн малаа адгуулан хариулж, эцсийн дүндээ гарсан ашиг шимийг нь хэн хүнгүй хүртсээр ирсэн.
Өнгөрсөн өвөл зуд турхан болж, хатуу ширүүн цаг байсны уршгаар мал, малчдын тоо эрс цөөрчээ. Үүнээс улбаалан өмнөх жилтэй харьцуулахад цагаан идээ болон мал махны үнэ нэмэгдсэнийг малчид хэлж буй.
Улаанбаатар хотод сургууль соёлоо дүүргэн мэргэжил мэдлэг эзэмшсэн хэдий ч эжий аавынхаа буурийг сахин, малын захаа дагахаар шийдсэн хөдөлмөрч, ажилсаг шаавай малчин бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.
Түүнийг Д.Золзаяа гэдэг. Тэрбээр Архангай аймгийн Тариат сумын Тэрх нэгдүгээр багийн малчин. Сүүлийн 8 жил орчим хөдөө нутагтаа суурьшин, тасралтгүй хөдөлмөрлөн сүү, цгаан идээгээ боловсруулж, хөдөлмөр зүтгэлээрээ амьдарч яваа эгэл жирийн малчин бүсгүй.

Агаарт хатаасан ааруул, цагаан идээ амин чанараа алдахгүй,
органик байдаг
-Сайн байна уу? Сар шинийн баярын өдрүүд айсуй. Монголын уламжлалт баяр болох дөхөхөөр л хотын бид баярын ширээгээ чимэх ширээний органик цагаан идээ сонгох чухал сонголттой нүүр тулдаг. Харин хэрхэн амин чанараа алдаагүй, элдэв орц найрлагагүй цагаан идээг сонгож авах вэ?
-Сайн байна уу? Гурилгүй ааруул гэхээсээ илүү хүмүүс чинь ааруулны цагаан байна, бор байна, ямар гурилтай, цагааныг нь гурилтай гэж үзээд ерөнхийд нь их ярьж, таньж авах гээд байдаг.
Тэр бол биш гэж хэлмээр байна. Ааруул гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний өөрөөсөө ааруулны чийгийг хадгалаад, хатаагаад, хатаасан зүйл чинь л ааруул.
-Ааруул зөөлөн нь сайн уу, хатуу нь зүгээр байдаг уу?
-Зөөлөн байна гэдэг чинь ааруул биш болчхож байгаа юм. Элсэн чихрийг нь ингээд одоо зарим үйлдвэрийн ааруулыг идэхэд нялцанхай, зуурамтгай байдаг тийм ааруулнуудыг би бол ааруул гэж хэлэхгүй.
Манай ааруул тодорхой хэмжээний хатаасан, хатуу биш зөөлөн. Хөдөө ааруулыг ерөөсөө бид нар агаарт хатаадаг. Нэг ааруулыг гаргалаа гэхэд 5-7 хоногийн өдрийг зарцуулдаг.


-Үйлдвэрийн ааруул хотод их худалдаалдаг. Гэхдээ яг амин дэмтэй цагаан идээг авъя гэвэл малчдын үйлдвэрлэсэнг сонгох нь чухал байх?
-Одоо хүмүүс бас өвлийн дүнд ааруул хийгээд байгаа. Тэрийг тогоор буюу шарах шүүгээнд хатаагаад байгаа байхгүй юу. Агаарт хатаасны гол ашиг шим гэвэл амин дэм. Наад зах нь нарнаас авах Д витамин, янз бүрийн витаминлаг чанараа ааруулдаа шингээж өгч байгаа.
Ааруулыг таньж мэдэх гэвэл хэтэрхий зөөлөн гээд шуурах юм бол тэрийг би биш боловуу гэж бодож байгаа. Ааруул л юм чинь мэдээж хатаж байж ааруул болно. Зөөлөн байвал аарц л гэсэн үг.
-Жишээ нь Золзаяа энэ Архангайн Тариат, Чулуут тал руугаа сүүн ааруул буюу яг ийм дөрвөлжин ааруул маш гоё амттай. Энэ бол хэрэглэгчдийн дунд нэлээд хамгийн алдартай ааруул. Гэхдээ энэ ааруулыг яг ийм органик чанарыг нь зарим малчид юмуу, зарим үйлдвэрлэгчид яг гоё амтыг нь алдагдуулаад байна гээд байгаа?
Тэгээд яаж хэрхэн энэ сүүн ааруулыг ялгах вэ?
-Сүүн ааруул буюу энэ 10 литр сүүнээс 1-хэн килограмм ааруул гардаг. Сүүнийхээ тослогийг нь авалгүйгээр, өрөмийг авахгүй бэлтгэдэг. Цэвэр сүүгээрээ хийдэг тийм ааруул.
Хүн хүний хийц нь өөр. Зарим чадах, чадахгүй гэдэг бас бий. Зарим нь чихэр их хийгээд байгаа. Ер нь чихрийг бага хэрэглэе. Чихэр багатай л байвал их зүгээр.
-Жишээ нь органик шар тосыг таньж мэдэж авахад хэцүүхэн байдаг. Танайх хэрхэн яаж бэлтгэдэг вэ?
-Шар тосоо авсан зөөхийгөөр ээзгийтэй цагаан тос болгоно. Шар тосоо хадгалах горим гэх юм бол хонины өлөн гэдэс, гүзээнд хийж органик гэсэн утгаараа хийж бэлтгэдэг. Хониныхоо гүзээ, олгой тэд нарыг ашиглавал илүү үр дүнтэй.
-Архангайн зарим сумдаар голдуу сарлагтай байдаг. Сарлагийн сүү өтгөн, тослог чанар ихтэй учраас үр шим нь илүү амин дэмтэй байдаг уу?
-Хөдөө бэлтгэсэн цагаан идээ яаж ч хадгалсан, үүний дараа хүнсэндээ хэрэглэсэн ч амин чанараа алдахгүй байдаг. Сарлаг бол өөрөө уул тал, хяр газраар бэлчин, эмийн ургамлын 120 гаруй төрлийн өвс ургамлыг идэж, явдаг. Тийм ч учраас сарлагийн сүүний орц найрлага нь амин дэм чанартай. Ер нь бэлчээрлэдэг малын ашиг шим маш их.
Сарлаг нь хээр тал, уул хадаар бэлчээрлэн 120 гаруй төрлийн эмийн ургамал, чанартай өвс иддэг учраас сүү нь тослог, амин чанар ихтэй байдаг.
-Орон нутагт малчид жинхэнэ хөдөлмөрөө шингээн амт чанар сайтай, хамгийн гол нь цэвэрхэн сав баглаа боодолтой бүтээгдэхүүн ч гаргадаг болжээ?
-Өрх бүр үйлдвэрлэгч. Тэгээд одоо ер нь эко сав суулганаас авхуулаад тогоо, шанага бүгд төмөр. Манайх ер нь ийм эко болгочихсон. Энэ нь ч хүний эрүүл мэндэд маш тус дэмтэй.


Цагаан идээ бэлтгэхэд маш их хүч, хөдөлмөр ордог
Хөдөө хамгийн тулгамдаж буй асуудал хүн хүч маш муу, ажлын хүч хомс. Хүн аваад цалинжуулаад ажиллуулъя гэвэл ерөөсөө олдохгүй хомс болжээ. Тиймээс би охинтойгоо хоёулаа хамтраад цагаан идээгээ бэлтгэдэг. Манай охин үнээгээ саагаад тэгээд л хамтдаа бэлтгэсээр байна даа.
Манай сум орон нутгийн удирдлагууд Сар шинийн баярын өмнөх үзэсгэлэн худалдаанд малчдаа оролцуулахын тулд зохих ёсны хүсэлтээ өгдөг. Ингээд л бүх бичиг баримтаа бүрдүүлээд зун, намрын хугацаанд бэлтгэсэн цагаан идээгээрээ бид үзэсгэлэн худалдаанд оролцдог. Өнгөрсөн жилийн зуднаас болж мал, малчдын тоо эрс цөөрсөн. Үүнийгээ дагаад ч өмнөх жилтэй харьцуулвал цагаан идээний үнэ бага зэрэг нэмэгдсэн. Арга ч үгүй, бид их хичээл зүтгэл, хөдөлмөр басхүү арчилгааг шаардсан цагаан идээ бэлтгэх ажилд бүх л цаг хугацаагаа зарцуулдаг даа.


Хэрэглэгчдэдээ чанартай, цэвэрхэн бүтээгдэхүүн гар дээр нь хүргэхэд сэтгэл чухал
-Өмнө нь үйлчлүүлж байсан худалдан авагч нар энэ үзэсгэлэнд таныг зорин ирдэг үү?
-Хотын зарим хүмүүс одоо харьцангуй чанартай, органик цагаан идээний ач тусыг мэддэг болжээ. Жил бүр л үзэсгэлэн бүхнээр зорин ирж үйлчлүүлдэг худалдан авагчид байна. Хамгийн гол нь Монголчууд бид нэгнээ хуураад байх бус эргээд уулзах нүүртэй, чанартай бүтээгдэхүүнийг л өгөхийг зорьдог доо.
Ярилцсанд баярлалаа.