УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2025.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж байна. Шүүх хурал 10.00 цагт эхэлсэн бөгөөд Б.Энх-Амгалан, З.Энхболд нар хуралд оролцож байна. Шүүгдэгчид мэдүүлэг өгч дууслаа. Шүүх хурал нэг цаг завсарлаад байна.
Шүүх хурал нэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр товлосон ч хяналт тавьж буй прокурор шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хүсэлт гаргаж, тус шүүх хурал өнөөдөр хэлэлцэхээр хойшилуулсан юм.
Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.