Өнгөрсөн баасан гарагт Монголын сүмоч мэргэжлийн сүмо бөхийн хамгийн өндөр цолыг хүртэв.
Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн хацү башёг тэргүүлсэнээр Хошорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн нь Японы мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх их аварга болжээ.
Ёкозүна цолд хүрэхийн тулд сүмо бөхийн тамирчин нь спортын өндөр амжилт үзүүлэхээс гадна биеэ зөв авч явж, Японы сүмо бөхийн холбоонд хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм.
22 жилийн өмнө ёкозүна цолыг хүртэж байсан Хошорюүгийн авга ах Асашёрюү Д. Дагвадорж нь сүмо бөхийн карьерынхаа явцад олон асуудалд орооцолдож байсан түүхтэй бөгөөд шөнийн клубын гадаа зодоон хийсэн явдлаасаа болж 2010 онд зодог тайлахаас өөр аргагүйд хүрсэн билээ.
Тэгвэл Хошорюү авга ахаасаа огт өөр замаар явна гэдгээ илэрхийлжээ. Тэрээр, “Ёкозүнагийн хувиар биеэ зөв авч явч, илүү их хичээх болно.” хэмээн мэдэгджээ.
25 настай Хошорюүгийн мэргэжлийн сүмо бөхийн хамгийн өндөр цол хүртэх ёслолыг үзэхээр Токио хотын Мейжи сүмд 3500 орчим хүн цугласан байсан ба ёслолын үеэр тэрээр их аваргуудын зүүдэг цагаан олсон бүсийг зүүсэн байжээ.
Хошорюү цугласан олны өмнө ёкозүнагийн ёслолын зан үйлийг гүйцэтгэснийг ёслолд уригдсан зочид болон хөгжөөн дэмжигчид алга ташилтаар угтжээ.
Тэрээр, “Би маш их бэлдсэн тэгсэн ч их сандарлаа. Бүгдийг нь зөв хийсэн байхаа.” хэмээн ярьжээ.
Сүмо бөхийн бусад цолнуудаас ялгаатай нь ёкозүна цолтой бөхийн цолыг бууруулж болохгүй бөгөөд ёкозүна нь тэмцээнд амжилт гаргахгүй, чадвар чансаа нь буурсан тохиолдолд зодог тайлдаг уламжлалтай юм.
Дээд зиндааны тэмцээнд хэдэн ч ёкозүна цолтой бөх байж болох ч 34 настай ёкозүна Тэрүнофүжи энэ сарын эхээр зодог тайлсанаа мэдэгдсэнээр Хошорюү дээд зиндаанд өрсөлдөх ёкозүна цолтой цорын ганц бөх болох юм.
Сүмо бөхийн холбоо Хошорюүд ёкозүна цол олгоогүй бол Японы сүмо бөхийн дээд зиндааны тэмцээн 30 гаруй жилийн дараа анх удаа их аваргагүйгээр явагдах байжээ. Өнгөрсөн 25 жилд монголчууд сүмо бөхөд ноёрхсон билээ.
21-р зуун гарсанаас хойш мэргэжлийн сүмо бөхийн их аваргын цол авсан 7 бөхийн 6 нь Монгол улсаас гаралтай байв.
Тухайн үед Японы сүмочдоос их аварга болсон Кисеносато нь ёкозүна цолоо аваад хоёр хүрэхгүй жилийн дараа зодог тайлсан юм.
Их Британийн Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Роб О’Нил БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа, “Монголын үндэсний бөх нь Японы сүмо бөхтэй төстэй учраас монголчууд сүмо бөхөд өндөр амжилт гаргадаг. Дээр нь тэд маш том биетэй.” хэмээн дурджээ.
Түүний хэлсэнээр монгол үндэсний бөхөд хөлд орох мэхийг их хэрэглэдэг ба японы мэргэжлийн сүмод уг мэх нь зөвшөөрөгдсөн ч Японы сүмочид уг мэхийг хийх нь тун ховор байжээ.
Сүмо бол олон зууны түүхтэй уламжлалт спорт бөгөөд уг спортыг өндөр түвшинд эзэмшихийн тулд урт хугацаа шаардлагатай.
Монголчууд энэ спортод амжилт гаргадаг нь тэд багаасаа барилдаж эхэлдэгтэй холбоотой гэж зарим мэргэжилтнүүд үздэг байна.
Бусад тулааны спортын төрлүүдтэй харьцуулахад сүмод жингийн төрөл гэж байхгүй бөгөөд мэргэжлийн сүмо бөх болох гэсэн тамирчид өөрийн харъяалагддаг дэвжээнийхээ бусад сүмочидтой хамтдаа амьдарч, хамт хооллож, бэлтгэл хийдэг ба амьдралын энэ хэв маяг нь зодог тайлах хүртэл нь үргэлжилдэг байна.
Өнөөдрийн байдлаар Японд сүмо бөхийн 40 орчим дэвжээ үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр дэвжээнүүдэд тус бүр гадаадын нэг тамирчинтай байхыг зөвшөөрдөг аж.