Зураг: Б.Давааням Баримтат гэрэл зурагчин
Өчигдөр Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлж байна.
Үүнд,
- Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг, амлалтуудаа бүрэн биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцод 3-т “..аливаа байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-т “…хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж онцолж заасан.
- Хүүхэд оролцож байгаа бол морины уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх ёстой. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн нь Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг болон хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.
- Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, морины үүлдэр угсаа, уралдуулах заншил, арга барил өөрчлөгдсөн, бооцоот уралдаан дэлгэрсэн, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохион байгуулагдах болсон нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөгжих, сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Ялангуяа өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхэд оролцох тохиолдолд хичээл, сургуулиас нь чөлөө авах, таслуулах зэргээр хөндийрүүлснээр хоцрогдож, сурлагын түвшин буурах, хичээл сургуульд дургүй болж сургуулиас гарах, завсардах ноцтой үр дагавартай бол газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар хөл, хацраа хөлдөөх зэргээр эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол учрах эрсдэлийг дагуулдаг болно.
- Хурдан морины уралдаан нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН нь ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ болно. Хурдан морины хаврын уралдаан нь зарим газарт хаврыг угтаж, урт уяа сойлго хийж, хол зайд морь уралдуулах заншлын хүрээнд үүссэн байна.
Засгийн газрын 2019 оны 57 тогтоол нь хүйтний улиралд уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжих, сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэхэд гаргасан ахиц дэвшил юм. Засгийн газар энэхүү тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт, хүүхдийн дээд ашиг сонирхол зарчмаас ухралт хийж байгаад ХЭҮК туйлын харамсаж байна.
Тиймээс Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд та дээрх шийдвэрийг эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:
“Дан ганц хаврын уралдаан гэхээс илүүтэйгээр зуны улиралд зохион байгуулагдаж буй уралдаанд хүүхдийн эрх зөрчигдөж байдаг.
Засгийн газраас 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь хүүхэд хамгаалагдах, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ахиц дэвшилтэй шийдвэр байсан.
Засгийн газраас гаргасан өчигдрийн мэдэгдэл аман байдлаар л зарлагдсан. Тус шийдвэр албажиж гараагүй гэж ойлгож байгаа. Тиймээс 2019 онд гаргасан шийдвэр одоогоор хүчин төгөлдөр үргэлжилж байна.
ХЭҮК байгуулагдсан цагаасаа хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөж ирсэн байдаг. Гурван удаагийнхаа илтгэлд энэ асуудлыг оруулсан. Ингэхдээ комиссын гишүүдийн 11 зөвлөмж зургаан шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Аймаг нийслэлийн Засаг дарга нарт болон ХГБХХ-ын дарга нарт хүргүүлсэн. Эдгээр нь хүүхдийн амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх болоод хамгаалалтыг боловсронгуй болгоход чиглэсэн болохыг мэдэгдэж байна.
Аливаа морин уралдаанд оролцохоос өмнө хамгийн багадаа нэг сарын хугацааг бэлтгэл хийж өнгөрүүлдэг учир хүүхэд хичээлээсээ чөлөө авснаар хичээл завсардах, цаашид анги дэвших үед нь хоцрогдол үүсдэг. Үүнээс гадна хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг болж байна. Эцэг эхчүүд болоод уяачид хүүхдийн хөдөлмөрөөр наймаалцаж буй.
2018 оноос хойш 2436 хүүхэд мориноос унаж, 1035 хүүхэд бэртэж гэмтсэн гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас ирээд байна. Харин амиа алдсан хүүхдийн тоо 52, энэ нь яг бодит тоо гэж хэлж чадахгүй. Бүртгэгдээгүй амь насаа алдсан байхыг үгүйсгэхгүй.
Хурдан морины уралдаантай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж байна. Хүүхдийн эрх ямагт нэгдүгээрт байх ёстой учир ХЭҮК эрх зүйн орчин, аюулгүй байдлын төлөө хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээсэн юм.
Мөн жагсаал цуглаанд хүүхэд болоод тэжээвэр амьтныг оролцуулахыг хориглосон байдаг. Гэтэл сүүлд зохион байгуулагдсан гурван жагсаалд хүүхэд оролцуулсан нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэлбэр хэмээн ХЭҮК-оос үзэж байна. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд хүүхдийг морь унуулж жагсаалд оролцууллаа. Үүнийг холбогдох байгууллагуудад шалгуулахаар өргөдөл гарган ажиллаж байна.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:
“Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, морины үүлдэр угсаа, уралдуулах заншил, арга барил өөрчлөгдсөн. Бооцоот уралдаан болж дэлгэрсэн. Зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохион байгуулагдах болсон нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, сурч боловсрох эрхэд халдаж байна. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд мориноос унаж нас барсан. Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг.
Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт гэдгийг анхаарах хэрэгтэй.
Засгийн газар хүүхдийн дээд ашиг сонирхлын зарчмаас ухралт хийж буйд ХЭҮК туйлын харамсаж байна. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол нь ахиц дэвшил байсан” гэлээ.