Д.Трамп Гуантанамогийн цэргийн баазад хууль бус цагаачдыг хорих төв байгуулахыг үүрэг болгожээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кубын Гуантаномод байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн баазад 30 мянга хүртэлх тооны хууль бус цагаачдыг хорих төвийг байгуулах тогтоол гаргажээ. Ерөнхийлөгч Д.Трамп Гуантанамод АНУ-ын эрх баригчдын зүгээс онц ноцтой, аюултай гэж үзсэн хууль бус цагаачдыг хорино гэдгийг онцолжээ.
2000-аад онд Гуантанамогийн цэргийн баазад байрлах хорих төвд Вашингтон терроризмын хэрэгт холбогдсон хүмүүсийг хорьдог байжээ. Тэдгээрийн дийлэнх нь шүүхээр орж, албан ёсоор хорих ял шийтгэл хүлээгээгүй байснаас гадна тэдгээр хоригдлуудыг эрүүдэн шүүж, тамлан зовоодог байсан тухай хүний эрхийн төлөөх байгууллагууд мэдэгдэж байсан билээ.
Ерөнхийлөгч Д.Трампын хийсэн мэдэгдлийн дараа Эмнести Интернэшнл олон улсын байгууллага, “Гуантанамо Бэй нь АНУ-ын засгийн газрын тушаалаар эрүүдэн шүүдэг, шүүхийн шийдвэргүй хорьдог, өөр хууль бус ажиллагаа явуулдаг газар байсаар ирсэн. Ерөнхийлөгч Д. Трамп тус шоронг цагаачдыг хорих төв болгон дахин ашиглах бус эрх мэдлээ ашиглан тус шоронг хаах ёстой” хэмээн онцолсон байна. Тэгвэл конгрессын гишүүн Жерри Надлер, “Гуантанамо бол манай улсын түүхийн хар толбо. Гуантанамо дахь хүчирхийлэл, ямар ч хариуцлага хүлээдэггүй байдлыг буруушааж, хаалгахын төлөө олон жилийн турш тэмцэж ирсэн. Гуантанамог өргөжүүлж, олон хүмүүсийг нэг дор хорьдог болно гэдэг нь ёс зүйд нийцэхгүй бөгөөд иргэний эрх чөлөөт байдлыг зөрчсөн явдал юм.” гэжээ.