Ирэх 4-р сараас 10-р сарын хооронд Японы Осака хотод “Дэлхийн экспо 2025” зохиогдох юм.
Үүнтэй холбоотойгоор Осака хот олон нийтийн газар тамхи болон электрон татахыг хоригложээ.
Энэхүү шийдвэр нь энэ сарын 27-ноос хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд иргэд зам дээр, цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв зэрэг олон нийтийн газарт тамхи татвал 1000 иений торгууль төлөх аж. Осака хотын захиргаанаас, “Осака хот тамхи татах хориотой бүсүүдээ өргөжүүлж, хотыг бүхэлд нь хамруулсанаараа хотын аюулгүй, цэвэр цэмцгэр байдал болон олон улсын аялал жуулчлалын цэг гэсэн нэр хүндийг сайжруулахыг зорьсон. Энэхүү санаачлага нь хотоо улам гоё болгох гэхээс илүү хотын оршин суугчид болон жуулчдад аюулгүй, тайван бөгөөд тухтай орчныг бүрдүүлэх зорилготой юм.” хэмээн мэдэгджээ. Японы хуулиар зоогийн газар, оффис, нийтийн тээвэр зэрэг газруудад тамхи татахыг хориглодог ба 20-иос доош насныханд тамхи татах, тамхи худалдан авах нь хориотой юм. Гэсэн ч Японы галт тэрэгний болон нисэх онгоцны буудлууд, зарим барилга байгууламжуудад тамхи татах тусгай өрөөнүүд байсаар байгаа билээ. ДЭМБ-ын судалгаагаар сүүлийн 20 жилд Японд тамхи болон навчин тамхи татдаг хүмүүсийн тоо 50 хувиар буурчээ.
2000 онд Японы хүн амын 32 хувь нь тамхи татдаг байсан бол 2022 онд энэ тоо 16 хувь болон буурсан байна. Японы Эрүүл мэндийн яамны 2022 оны судалгаагаар насанд хүрэгчдийн 14.8 хувь нь тамхи татдаг болох нь тогтоогдсон ба тус яам уг үзүүлэлтийг 12 хувь болгон бууруулах зорилго тавин ажиллаж байгаа аж. Осака хотын удирдлагууд шинэ журмаа танилцуулсаныхаа дараа иргэдэд зориулж хотын аль хэсэгт, ямар газарт тамхи татаж болохыг харуулсан газрын зургийг гаргажээ.
Токиогийн зуны Олимпын наадмаас өмнө Токио хот мөн адил олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл хэрэгжсээр байгаа билээ. Осака хотод болох “Дэлхийн экспо 2025” үзэсгэлэнд 158 улс орнууд оролцоно. Таван жилд нэг удаа болдог уг үзэсгэлэн олон сая жуулчдыг татдагаас гадна СиЭнЭн агентлаг Осака хотын байрлах Кансай мужийг 2025 онд очиж үзэх газруудын нэгээр нэрлэсэн юм.
Осака хотын хувьд уг үзэсгэлэнг зохион байгуулахад 164.7 тэрбум иенийг зарцуулаад байгаа аж.