
Швейцар улсын Давос хотноо Дэлхийн Эдийн засгийн чуулган 2025 оны нэгдүгээр сарын 20-24-ний өдөр болсон. Тус чуулганд AI Academy-ыг төлөөлөн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ оролцжээ.
CNN агентлаг “Монголын нүүдэлчин малчдад хиймэл оюун ухаан авчирч буй эмэгтэйтэй танилц” хэмээх гарчигтайгаар түүний тухай онцолсон байна.
Уг нийтлэлд,
Давост болж буй Дэлхийн Эдийн засгийн форумд оролцсон 32 настай Батцэнгэлийн Болор-Эрдэнэ “Хиймэл оюун ухааны хөгжил” сэдэвт уулзалтанд эх орныхоо хиймэл оюун ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ тухай танилцууллаа. Тэрээр яриаг эхлэхдээ малчны гэр бүлээс гаралтай, одоог хүртэл 300 хоньтой тухайгаа дурдсан байна. Энэ нь 3.5 сая хүн амынх нь 30 орчим хувь нь мал маллан, нүүдэллэн амьдардаг, Орос, Хятад хоёр гүрний дунд орших ардчилсан Монгол улсад мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлэхээр зүтгэж буй түүний танилцуулгын нэг хэсэг байв.
Тэрээр Монголын хөдөө орон нутагт хиймэл оюун ухааны боловсрол олгох 500 багшийг бэлтгэх зорилготой AI Academу Asia академийг үүсгэн байгуулсан нь энэ сарын 27-нд нээлтээ хийх аж. Б.Болор-Эрдэнэ, “Хэрэв бид хүмүүст боловсролыг тэгш байдлаар хүртээж чадвал асар том нөлөөлөл үзүүлж чадах юм.” гэжээ.
Дэлхий даяар 2.2 тэрбум хүүхэд, залуус гэртээ интернэтгүй амьдарч байгаа бол Монгол улсад хүн амынх нь 84 орчим хувь нь интернэтэд холбогджээ. Олон Улсын Валютын сангийн судалгаагаар удахгүй ажлын байруудын 40 орчим хувь нь хиймэл оюун ухаантай холбогдох нь хүн амын дундах тэгш бус байдлыг улам нэмэгдүүлэх аж. Хиймэл оюун ухааны хөгжил нь хиймэл оюун ухааны судалгаа шинжилгээ, дэд бүтцэд хөрөнгө оруулсан улс орнууд болон англи хэлээр ярьдаг улс орнуудад илүү давуу байдал үүсгэнэ гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Б.Болор-Эрдэнийн хувьд энэ нь хот хөдөөгийн ялгаа ихтэй Монгол улсад тэгш бус байдлыг улам нэмэгдүүлнэ гэж санаа зовж байгаа аж. “Хөдөө сургуулиудад компьютер, цаашлаад мэдээлэл зүйн багш ч байхгүй. Манайд боловсролын тэгш бус байдал, орлогын ялгаа, жендерийн тэгш бус байдал байсаар байгаа, үүн дээр цахим боловсролын тэгш бус байдлыг нэмбэл маш том ялгаа үүснэ. Энэ нь ийм улсад төрж өсөж байгаа хүүхдүүдийн хувьд шудрага бус явдал юм.” хэмээн онцолжээ.
Зураг: CNN
Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу удирдагчдын нийгэмлэгийн гишүүн Б.Болор-Эрдэнэ нь мэдлэг боловсролын хүчийг өөрийн биеэр мэдэрсэн нэгэн юм. Хөдөө төрж өссөн тэрээр 10 настайдаа гэр бүлийн хамт нийслэл Улаанбаатар хотод нүүж иржээ. Хотын хүүхдүүд түүнийг хөдөөнийх хэмээн дээрэлхдэг байснаас болж тэрээр хичээл сурлагадаа улам анхаарах болжээ. Тэрээр ерөнхий боловсролын сургуулиа 14 настайдаа төгсөж, 29 насандаа Монгол Улсын Засгийн газарт Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар томилогджээ. Дэд сайд байхдаа тэрээр төрийн цахим үйлчилгээ үзүүлдэг “E-Mongolia” платформыг хөгжүүлж, “E-Mongolia” аппликэйшнийг ажиллуулж эхэлсэн нь хөдөө орон нутгийн иргэд хол замыг туулалгүйгээр гар утаснаасаа иргэний үнэмлэх захиалах, татвараа төлөх зэрэг төрийн үйлчилгээг авдаг болжээ.
2021 онд Б.Болор-Эрдэнэ хөдөө орон нутагт амьдардаг 16-18 насны охидод кодчиллын хичээл заах, зөвлөгөө өгөх Girls Code ашгийн бус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба уг хөтөлбөрт хамрагдаж төгссөн 120 хүүхдээс хэд хэд нь Харвард, Кэмбридж, ЭмАйТи зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудад элсэж, шинэ аппликэйшн хөгжүүлж, старт-ап компаниуд байгуулжээ.
AI Academy Asia академиа нээснээр Б.Болор-Эрдэнэ илүү олон хүмүүс, тэр дундаа хөвгүүдэд цахим боловсрол олгож, хиймэл оюун ухааныг ажил мэргэжил, хичээлдээ ашиглахад нь туслахыг зорьж байгаа аж. Технологи нь хүмүүсийн ажил амьдралд чухал нөлөө үзүүлж эхэлж буй энэ үед хиймэл оюун ухааны мэдлэгтэй байх нь асар чухал юм. Дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны ажлын байрны ирээдүйн хандлагын тухай тайланд 2030 он гэхэд дэлхий даяар голчлон технологи, дата, хиймэл оюун ухаан зэрэг салбарт шинээр нийт 78 сая ажлын байр бий болох төлөвтэй байгааг онцолжээ.
AI Academy Asia нь малчдад амьдралд нь хэрэг болох чадваруудыг заах ба жишээ нь хиймэл оюун ухааныг ашиглан малчид цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан таамагласнаараа шаардлагатай бэлтгэлээ хангаж зуд, ган гачгийг малын хорогдолгүйгээр давах боломжтой болох аж. хэмээн нийтэлжээ.
Эх сурвалж: CNN
Орчуулсан: С.Энхзаяа