
Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор сонгогдсон 126 гишүүнтэй өнөөгийн парламентын анхны намрын ээлжит чуулган 81 өдөр чуулж, Хүндэтгэлийн хуралдаан 1 удаа, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа хийжээ.
Ингэхдээ,
- бие даасан хууль 8,
- хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,
- олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7,
- хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8,
- нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталсан талаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга танилцуулсан.
Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор 60 гаруй ажлын хэсэг ажиллаж байгаа гээд анхны 126-гийн анхны ээлжит чуулганыг тоогоор тоймлож болох юм.
Олон ургалч үзэл, олон толгойн үр дүн: Лоббигоор гулсдаг хуулиуд эзэндээ буцаж, унаж эхлэв
Улсын төсвийн зарлага данхайж, өөдрөг орлогын төсөөлөл эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийг сануулж, хэрэгжихээс нь өмнө ТОДОТГОЛ оруулах амлалттайгаар баталсан 2025 оны төсөв Ерөнхийлөгчийн хоригийн өмнө “өвдөг шороодож” Засгийн газар, Сангийн сайд нарын чансааг шалгаж түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталсан нь энэ парламентын намрын ээлжит чуулганаар хийсэн хамгийн том гавьяа гэж болно. Энэ бүхний өмнө лобби, олонхийн түрэмгийлэл нь юу ч болсон бөгөөд хүний өөрийн гэхгүйгээр гишүүд нэгдэж чадсан юм.
Түүнчлэн “хуучин бууны хугархай” сүүлийн 76-д байсан гишүүд тойрогтоо төсөв татах гэж намын бүлэг дээрээ санал нэгдэн зүтгүүлсэн нь шинэхэн жагсаалтын гишүүдийнхээ эгдүүг хөдөлгөн эцэстээ бай, банз ч үгүй үлдэж, харин улсаараа ялалт байгуулсан юм.
ХҮН гэдэг нь хийрхэл биш хүний эрхийн зөрчлийг хууль, эрх зүйн орчинд нь таслан зогсоох стратегиа батлав
Анхны 126 гишшнтэй парламентын “ангийн дарга” Д.Амарбаясгаланг туршлагатай улс төрч, зөвшилцөл, хэлцлийн “хаан” гэдэг. Гэхдээ түүнд олон намын төлөөлөл, туршлагагүй гишүүдтэйгээ хэл амаа ололцон, хууль, тогтоолуудаа батлуулна гэдэг шинэхэн сорилт болж буй. “ХҮН төвт” гэх малгай дор 126 гишүүнээ зангидаж, 4 жилийн үйл ажиллагаа, хууль батлах үзэл баримтлалаа тодорхойлж, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан нь түүний энэ парламентын хугацаанд хийх хамгийн том ажлаа нугалсанд тооцохоор ажил болсон.
Одоо харин түүнд энэ төлөвлөгөөгөө ажил хэрэг болгоод явахад чиглэл бүрээр байгуулсан 60 гаруй ажлын хэсэг нь хамгийн том хүч болох учиртай.
Засгийн газар яаруулсан ч эцсийн шийдвэрийг Их Хурал л гаргадаг
“Яаралтай горим” гэсэн тодотголтой Засгийн газраас өглөө нь өргөн мэдүүлээд оройдоо батлуулж авсан хууль, тогтоол, хэлэлцээрүүд энэ удаагийн намрын ээлжит чуулганд өмнө байгаагүй ихээр орж ирсэн. Хуулийг яаралтай горимоор хэлэлцэх заалт 2016 оноос хэрэглэх болсноос хойш 9 жилийн хугацаанд Улсын Их Хурал нийт 76 буюу жилд дунджаар 8-9 хууль, тогтоолын төслийг энэ горимоор хэлэлцжээ.
- 2016-2020 оны парламентын үед 22 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор хэлэлцсэн,
- 2020-2024 оны парламентын үед энэ тоо 2.4 дахин өсөж 53 хууль, тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцсэн байна.
- Харин энэ удаагийн парламент эхний жилийн хагаст ээлжит бус болон намрын чуулганаар нийт 11 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор шийдсэн байгаа юм.
Хэдийгээр Засгийн газар 14 мега төсөл буюу хөгжлийн суурь төслүүдийг хэрэгжүүлж байгаа ч төсөл төдий ажил хэзээ, хэрхэн, хэнтэй хэрэгжих ёстой УИХ л шийдэх болно гэсэн зангарагаа парламент энэ удаад тодхон харууллаа.
Оюу толгойн гэрээнд гаргасан алдааг давтахгүйн тулд Орано майнингтай хийх гэрээг яамр чиглэлээр хийх ёстойг парламент урьдчилан баталж өгөөд энэ дагуу нь хэлэлцэл хийгдэн, гэрээний төслийг нь нэг бүрчлэн парламент баталж өгснөөр Загсийн газарт гарын үсэг зурах эрхийг нээж өгсөн бол БНХАУ-ын талтай хийх Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ ч энэ зарчмаар явж байна. Ингэснээр Мега 14 төсөл дэс дараатайгаар гараанаасаа гарсан юм.
Намрын ээлжит чуулганы хуралдааны сүүлийн өдөр УИХ-ын зарим гишүүд анхны 126 гишүүний бүрэлдэхүүнтэй парламентын үйл ажиллагаа болон өөрийн хийж хэрэгжүүлсэн ажлаа ийнхүү тоймлож байна.
Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд анхаарч ажиллана
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Ахмадын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг дэмжих бүлэг байгуулаад ажиллаж байна. Саяхан Ахмадын үндэсний анхдугаар чуулган хийлээ. Энэхүү чуулган дээр тавигдсан илтгэлүүд санал зэргийг сонсоод асар их мэдлэгтэй, туршлагатай ахмадуудыг Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах замыг аль болохоор засаж, өргөжүүлж өгөх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна. Манай бүлэг энэ оны нэгдүгээрсараас эхэргжиж эхэлсэн Ахмадын хуульд ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж, төлөвлөгө гаргаж буй. Ирэх хаврын чуулганаас эхлээд ажил хэрэг болгоод явна.
Таван намаас бүрдсэн энэ парламент асуудлыг тал талаас нь нээлттэй хэлэлцэж чадаж байна
Тойрог болон жагсаалтаас бүрдсэн энэ парламент нь илүү нээлттэй, мэргэжлийн хүрээнд мөн орон нутгийн онцлогийг хангасан гээд олон шинэлэг зүйлүүдагуулж байна. Таван намаас бүрдсэн энэ парламент бол асуудлыг тал талаас нь хэлэлцдэг нээлттэй хэлэлцэж чаддаг, ямар нэгэн бүлэглэл, намд хайрцаглагдахгүйгээр асуудлыг зөв гэж үзсэн бол улс төржихгүй дэмжиж чаддаг, бурууг нь намчирхаж, өмгөөлж хамгаалахгүй, ил гаргаж ярьж чаддаг болсон. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсний үр дүн юм.
Цаашдаа төсвийг хумих, чөлөөт зах зээлийг илүү нэмэгдүүлэх чиглэл рүү явах ёстой
Намрын чуулган бүхэлдээ их завгүй болж өнгөрлөө. Хамгийн гол асуудал нь 2025 оны төсвийн тухай хууль, Хоёрдугаарт нь мега төслүүдийн яаралтай горимоор хэлэлцсэн хууль, тогтоолууд байлаа. Үүний дараа салбар бүрийн ажлууд. Төсөв дээр анх удаагаа хориг тавиад бүхлээр нь хүлээж аваад буцаасан асуудал гарлаа. Төсөв ер нь бараг 4-5 удаа хэлэлцсэн. Төсөв болоод төсвийн тогтвортой байдлын тухай холбоотой асуудлууд. Цаашдаа төсөв бол илүү их чамбай болох шаардлагатай болж байна.
Монгол Улсын эдийн засагт төсвийн эзлэх хувь хэтэрхий том байгаагаас үүдээд төрийн эдийн засаг болж хувирч байгаа. Энэ нь чөлөөт нийгэм, эдийн засаг маань буцаад 80-90% нь төрөөс хамааралтай түүнийгээ дагаад бизнесийн харилцаа төсөв тойрсон байдалтай болж ирлээ. Ингэж удаан явах юм бол нийгэм улс төрдөө бас нөлөөлж болзошгүй. Тийм учраас цаашдаа төсвийг хумих, чөлөөт зах зээлийг илүү нэмэгдүүлэх чиглэл рүү явах ёстой.
Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүллээ
Хамтарсан Засгийн газар байгуулагдахыг УИХ дэмжин баталсан.
Энэ Засгийн газрын хувьд эдийн засгаа өсгөх, нэг хүнд ноогдох ДНБ–ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь монгол хүний орлого яаж нэмэгдэх вэ? Улс орны эдийн засаг нэмэгдэж болно. Гэхдээ айлын хаалгаар яаж орох вэ? аав, ээжийн цалин яаж нэмэгдэх вэ? гэдэг хамгийн том асуудал. Энэ үүднээсээ эдийн засгийг өсгөх томоохон 14 мега төслүүдийг эхлүүлэх бодлогыг дэмжиж байгаа.
Яагаад гэхээр Монгол Улс үйлдвэржсэн орон байсан. Энийг бид их өгүүлдэг. Газар зүйн байршлын давуу талаа ашиглаж томоохон транзит дэд бүтцүүд дээр нь улс орондоо томоохон аж үйлдвэрийг хөгжүүлэх энэ бодлогууд бидэнд зайлшгүй хэрэгцээтэй байгаа учраас үүнийг 126 гишүүнтэй парламент маш сайн дэмжиж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж өргөн барьсан хууль, тогтоол, гэрээ бүх зүйлүүдийг баталж явсан.
УИХ-ын стратеги төлөвлөгөөний хамгийн гол зорилго бол хүн төвтэй хууль
Энэ парламент өөрийнхөө стратеги төлөвлөгөөг баталсан. Үүний хамгийн гол зорилго бол хүн төвтэй хууль. Хүний эрхийг дээдэлсэн хуультай болох дараагийн асуудал нь өнгөрсөн хугацаанд батлагдсан хуулиудад тодорхой цаг хугацааны жишээлбэл, 2 жилд нэг удаа үнэлгээ хийдэг байх шаардлагатай. Дараагийн асуудал, хууль давсан журмыг цэгцлэх. Өнгөрсөн хугацаанд мөрдөгдөөгүй, жишээлбэл хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлдэг дагалдан батлагдах журмын төслүүдийг хамт өргөн мэдүүлдэггүй байсан бол одоо энэ асуудал өнөөдөр мөрдөгдөж эхэлж байна. Агуулгаараа ярих юм бол энэ том 3 зорилтыг хэрэгжүүлэхэд өнөөдөр магадгүй энэ 4 жилийн парламентын хугацаа багадахаар ч юм шиг. Өнөөдрийн мөрдөгдөж буй хууль, тогтоомжид 800 гаруй хүний эрхийн зөрчилтэй зүйл заалт байна. Үүнийг заавал засах ёстой.
Хууль, эрх зүйн баримт бичиг гаргана гэдэг бол асар олон хүний амьдралд нөлөөтэй
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Хууль эрх зүйн баримт бичиг гаргана гэдэг бол ямар олон хүний амьдралд нөлөөтэй учраас ямар олон үе шаттай байдаг вэ гэдгийг үзлээ. Хамгийн гол нь бид хуулийг уншаад үзэхээр нэг өгүүлбэр л байдаг. Гэтэл тэрийг олон хүний амьдралд нөлөөтэй учраас зөвхөн нэг өнцгөөс харж дүгнэлт хийх боломгүй. Жишээлбэл, би өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд асуудал ямар байна ахмад настны үүднээс үзэхээр ямар байна багшийн үүднээс үзэхээр ямар байна гэж хуулийг уншдаг байсан бол одоо илүү бусад өөр олон хүний эрх ашиг байгаа учраас энийг нь бас харгалзах ёстой юм байна аа гэдгийг ойлгож ажиллалаа. Хоёр хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Мөн шинэ хуулийн нэг төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулалтын шатандаа явж байна. Ирэх хаврын чуулганы хугацаанд хуулиа өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэх болно.