Цагаан сарын баяраар бид гурван өдөр амардаг. Энэ жилийн тухайд дээрх өдрүүд амралтын өдрүүдээр дайрч байна. Олон нийтийн сүлжээнд цагаан сар болон наадам гэсэн үндэсний баяруудаараа арай олон хоног амраад ач холбогдол багатай олон баярыг цөөлье гэсэн агуулга яригдаж буй. Үүнд иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.
ӨРГӨН УУДАМ НУТАГТАЙ УЧИР ГУРАВ ХОНОГТ ХАМААТНУУДДАА ЗОЛГООД ИРЖ АМЖИХГҮЙ Л БОЛОВ УУ
“Монгол улс чинь хэр өргөн уудам нутагтай билээ. Гурван өдөрт яваад ирж амжихгүй л дээ. Цагаан сар чинь нутаг ус руугаа явж хамаатан садантайгаа ганц уулзах баяр шүү дээ. Залуус ураг төрлөө мэдэх, багачууд ёс уламжлалаа таних гэх мэт ач холбогдол ихтэй баяр учир арай олон өдөр амардаг болбол зүгээр байх. Бусад олон баяр, амралтын өдрүүдээ цөөлөөд үндэсний чухал баярууддаа анхаарвал зүйтэй болов уу? гэж бодож байна.”
БИД АМРАХ БИШ ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
“Амарна, баярлана гэдэг зүйл дээр би эсрэг байр суурьтай байдаг. Өнөөдөр бид ямар нийгэм, орчинд амьдарч байгаа билээ. Бид нар бүр амрахгүй байх хэрэгтэй. Ийм нөхцөл байдалтай амьдарч байж яасан гэж амрах юм бэ? Бид илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй л гэж боддог.”
ЯАРУУ, САНДРУУ ЗАМД ГАРАХ НЬ ИХ ЭРСДЭЛТЭЙ
“Гурав хоногтоо багтааж хөдөө гадаа явж ирэх гээд л орой, үдэш давхичихдаг. Үүнээс болж осол, гэмтэл ч их гарна шүү дээ. Цагаан сар, наадам гэх мэт үндэсний дархлаа болсон баяруудынхаа амралтын хугацааг арай уужуу таваас долоо хоног болгоод өгвөл аль аль талдаа хэрэгтэй дээ.”
ААВ, ЭЭЖДЭЭ ОЧИЖ ЗОЛГОДОГ УЧИР 5-7 ХОНОГ АМАРДАГ БОЛООСОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
“Цагаан сараар хөдөө гадаа явж ээж аавдаа золголт хийдэг учраас тав хоног амарвал иргэдэд хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хэт олон хоног бол ажлаа алдах, ажил цалгардах болов уу.”
Яриа өгсөн иргэдийн дийлэнх нь “Үндэсний дархлаа болсон баяртаа ач холбогдол өгч зарим тэмдэглэлт өдрүүдийг цөөлөх хэрэгтэй” гэж үзэж байна. Үүнээс гадна цагаан сарын баяраар хэд хоног амарвал зүйтэй вэ? гэх асуултад 5-7 хоног гэж хариулах иргэд цөөнгүй байлаа.