Өрөг ярилцлагын нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг урьж ярилцлаа. Бид түүнтэй “Орано”-ийн гэрээ, газрын тос үйлдвэрлэх цагийн үеийн асуудлаар ярилцлаа.
-Орано майнингтай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төслийн хүрээнд уранаа хэдэн жил олборлож, Монгол Улсын төсөвт хэдэн төгрөг орж ирэх вэ?
– Монгол Францын хооронд хэрэгжих “Орано” компанийн Уран олборлох төслийн эрх зүйн зохицуулалтыг хийж дууссан. Оюутолгойн гэрээнээс хойш байгуулсан гуравдагч хөршийн хоёр дахь гэрээ гэдгээрээ онцлог юм. Энэ бол уран олборлох том төсөл. Бадрах Энержи компанийн 66 хувь нь “Орано”, 34 хувь нь монголын талаас буюу Мон-Атом ХК байсан. Хууль эрх зүйн өөрчлөлт ороод 34 хувиа бид 10 хувийн дагуу, эрхийн хувьцаа болгоод зөрүү хувьцааг тусгай АМНАТ болгоно. Өөрөөр хэлбэл 2019 онд батлагдсан Үндсэн хууль түүний ард батлагдсан баялгийн сангаараа авах үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох байдлаар зохицуулж, хууль эрх зүйн өөрчлөлтүүдээ хийж чадсан. Нийтдээ 5.2 орчим тэрбум долларын төсөл юм. 33 жил ашиглаж, жил бүр 2500 тонн ураны исэл олборлоно. Одоогоор Оюу толгойн гэрээг алдаатай гэж үздэг. Үүний хажууд гэрээ маань алдаагүй, ашигтай хийгдсэн. Оюу толгойн гэрээн дээр ямар алдаа засах шаардлагатай гэдгийг харж байгаад хийсэн учраас харьцангуй сайн гэрээ болсон гэж ойлгож болно.
2028 ОНООС ГАЗРЫН ТОСОО БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛНЭ
– Монголын газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх вэ? Бодит хугацаа болон хэр хэмжээний шатахуун гаргах вэ?
– Гэрээ зурагдаж эхэлснээс хойш 36-38 сарын дараа буюу 2027 оны сүүл 2028 оны нэгдүгээр сар гэхэд үйлдвэр асаж ашиглалтад орно. 2017 онд Энэтхэгийн Засгийн Газар, Монгол Улсад нэг тэрбум долларын зээл олгох асуудал яригдсан. Үүнийг 2018 онд газрын тос боловсруулах үйлдвэр болгоё гэдэг шийдвэр гаргаад, 2019 оны зургаан сард энэ үйлдвэрийн шав тавигдаж, үйл ажиллагаа нь эхэлсэн юм. Энэ ажлыг бид дөрвөн бүлэг болгож хуваагаад, санхүүжилтээ зэрэгцүүлэн дөрөв хуваагаад явж байгаа. Дунд нь Ковид гарч, хоёр жил гацсан. Үндсэндээ ажил 2023 оноос эхэлсэн гэж ойлгож болно.
“ОРАНО”-ИЙН ҮР ӨГӨӨЖИЙН ДИЙЛЭНХ НЬ АРД ТҮМЭНД НООГДОНО
-Хувийн компаниудын эзэмшдэг есөн стратегийн орд болох Цагаан суварга, Ачит ихтийн 34 хувийг төр авч чадах уу?
–Чадна. Баялгийн сангийн тухай хуулийн өөрчлөлтөөр, Баялгийн сан дотор дахиад гурван сан байгаа. Хуримтлалын санд мөнгө төвлөрч байж тэндээс иргэдийн данс руу мөнгө орох учраас Францын “Орано”-ийн төслөөс орох мөнгө хуримтлалын сан руу эхлээд орно. Тэндээс иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулах данс руу орох юм. Одоогоор эхний ээлжид 150 мянга төгрөгийг хүмүүс голонгуй байгаа. Энэ санг маш түргэн хугацаанд арвижуулах үүрэг Засгийн Газарт бий. Стратегийн батлагдсан 16 орд байгаа. Найм нь одоо хил хязгаар нь тогтоогдчихсон. Өөрөөр хэлбэл координатаар тогтоочихсон наймыг нь хил хязгаарыг тогтоох үүргийг манай яам Засгийн Газрын тогтоолоор үүрэг болгосон. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар буюу Н.Учрал сайдад энэ ордуудтай 34 хувийн хэлэлцээрийг хийх үүргийг өгсөн. Хэлэлцээрийн уулзалтаа хийгээд явж байгаа. 2025 оны эхний 100 хоногийн хугацаанд энэ ажлуудыг хийнэ.
-МАК компани Цагаан суваргын зэсийн ордынхоо 34 хувийг хэдээр үнэлдэг вэ?
*Яг хэдэн төгрөгийг нь бол нарийн мэдэхгүй байна. 34 хувиа ав гэдэг хоёр дахь компани шүү дээ. Ачит Ихтийнхэн ч гэсэн тийм зүйл хэлдэг. Нэг зүйлийг шууд утгаар нь ойлгож болно. Засгийн газрын тогтоол гараад тогтоолоор сайдад үүрэг олгосон. Сайд Засгийн газрын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас энэ ажил 2024 оны сүүлээр батлагдаж засгийн газар 2025 оны эхний 100 хоногийн ажлын хүрээнд хийгдээд нэлээн шахуу явна гэдгийг дахин хэлье.