Глазгогийн их сургуулиас хийсэн судалгаагаар адуу нь шувууны ханиадыг үүсгэгч H5N1 вирусын чимээгүй тээгчид болох нь тогтоогджээ. Шинжилгээгээр Монголын адуунаас H5N1 вирусын хэд хэдэн эсрэг бие илэрсэн ба энэ нь тухайн адуунууд өмнө нь уг вирусын халдварыг авч байсан гэсэн үг юм. Нөгөөтээгүүр тэдгээр адуунуудын нэг нь ч өмнө нь өвдөж байгаагүй нь тэд H5N1 вирусыг шинж тэмдэггүйгээр тээж чаддагтай холбоотой гэж эрдэмтэд үзжээ.
Энэхүү судалгааны үр дүн нь адуу болон адууныхан овгийн амьтадтай ойр амьдардаг, ажилладаг хүмүүсийн хувьд амьтнаас халдвар авч болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Он гарсанаас хойш АНУ-д хөдөө аж ахуйн салбарт голчлон ажилладаг 60 гаруй хүн вирус тээж байсан малаас халдвар авч, өвдсөн байна. Адуу, илжиг болон бусад адууныхан овгийн амьтад зэрлэг шувуудад халдвар тараасаар байвал тэдгээр шувууд нь тухайн вирусын гол тараагчдын нэг болох эрсдэлтэй юм. Эрдэмтэд зэрлэг шувуудын тоо толгой ихтэй гол ус элбэг Монголын Архангай аймаг болон зэрлэг ан амьтад, ургамал багатай говийн нутгийн адуун сүргүүдээс цусны шинжилгээ авсан ба шинжилгээнд хамрагдсан 1000 адууны багадаа 9-өөс нь шувууны ханиад үүсгэгч вирусын эсрэг биеийг илрүүлжээ.
Монголын морьд шувууны ханиадны вирусын халдварыг хэрхэн авсан нь тодорхойгүй ч муур, нохой, өмхий хүрэн, гахай, цагаан баавгай зэрэг олон сая хөхтөн амьтад халдвартай шувуу идсэнээс болж эсвэл тэдгээр шувуудын сангастай хавьталд орсоноос болж халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсэн билээ. Өнгөрсөн жилийн өвөл Монголд зуд нүүрлэж, олон сая мал хорогдсон юм. Өвс тэжээлийн хомсдлоос болж адуунууд хээр талд үхсэн шувуудын цогцсыг идсэнээс болж вирусний халдвар авсан байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Дэлхийн өнцөг булан бүрт шахуу зэрлэг шувуудын дунд H5N1 вирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн ба Их Британид л гэхэд сүүлийн 3 жилд усны шувууд, нугас зэргээс H5N1 вирус илэрч, үнэг, халиу зэрэг хөхтөн амьтдад вирус нь халдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Вирус нь нэг төрлийн амьтнаас өөр төрлийн амьтан руу халдварлах боломжтой ба нэг хашаанд байрлаж, нэг газраас өвс тэжээлээ идэж, нэг тоног төхөөрөмжийг дамжуулан хэрэглэдэг сүрэг мал дунд тархах бүрэн боломжтой юм.
Ялангуяа адууны тоо толгой нь хүн амаасаа 2 саяаар давсан Монгол улсад уг асуудал тулгарах эрсдэл өндөр юм. Мал аж ахуй нь тус улсын ёс заншил, эдийн засагтай салшгүй холбоотойгоос гадна иргэд нь малтай ойр амьдарч, ажилладаг нь вирус хүнд халдах эрсдлийг нэмэгдүүлэх юм. Чингис хааны үеэс угшилтай монгол адууг монголчууд аялалд, мал аж ахуйд болон спортод ашигладаг. Морин уралдаан нь монгол өв уламжлалын салшгүй нэг хэсэг бөгөөд уралдаанд оролцож буй морийг ихэнхдээ хүүхдүүд жолооддог.
Түүнчлэн монголчууд гүүний сүүгээр айраг исгэн ууж, адууны мах иддэг билээ. Адуу нь шувууны ханиадны вирусын халдвар авах боломжтой нь Хойд Америк тивийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа ба вирус нь адууны цусанд байгаа өөр вирусүүдтэй нийлж, мутацилагдах боломжтой юм. Адуунуудад мөн адууныхан овгийнхон дунд тархдаг адууны ханиад гэгдэх H3N8 вирус байдаг ба АНУ-д малын дунд шувууны ханиад тархаж, адуунууд нь шувууны ханиадны хамт адууны ханиадны халдварыг авсанаар шинэ төрлийн ханиадыг үүсгэх эрсдэл улам нэмэгдсээр байна. Яг ийм үйл явцаар 2008-2009 онд H1N1 вирусын халдвар буюу гахайн ханиадны цар тахал гарсан бол 1918 онд АНУ-ын Канзас мужид гахайнууд шувууны болон хөхтөн амьтны, мөн хүний ханиадаар зэрэг өвдөж Испани ханиадны цар тахал эхэлсэн түүхтэй юм.
Эх сурвалж: The Telegraph