Цагдаагийн байгууллагад 27 жил ажиллахдаа нэг өдөр ч хүүхдийн ертөнцөөс салж үзээгүй гэж ярих түүнийг Г.Ганболд гэдэг. Амьдралынхаа 50 гаруй жилийг хүүхдийн зохиол, бүтээлд зориулсан тэрбээр өдгөө 500 орчим хүүхдийн шүлэг, зохиол бичжээ. Мөн түүнд багаасаа сонирхсон ховор хобби байдаг нь “чихрийн цаас цуглуулах”юм.
ЕРӨӨС БҮТЭЭХ ТУУРВИХ ХҮСЭЛ ХАР БАГААС СЭТГЭЛД УЯАТАЙ БАЙСАН
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцах хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Та үзэгч, уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
-Танд баярлалаа. Намайг Гомбын Ганболд гэдэг. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч, судлаач, Цагдаагийн бэлтгэл хошууч ийм л хүн байна даа.
–Өөрийгөө танилцуулахад нь л асуумаар санагдлаа. Цагдаа тэгсэн хэр нь хүүхдийн зохиолч. Та тэтгэвэрт суусан хойноо хүүхдийн зохиол бичих болсон хэрэг үү эсвэл хэзээний л энэ хоёр мэргэжлийг хоршуулдаг нэгэн байв уу?
-Би зохиолч гэх мэргэжлийн номыг нь дуулаагүй хүн шүү дээ. Ерөөс миний сэтгэл зүрхэнд бүтээх, туурвих хүсэл хар багаас минь л байсан санагддаг юм. Ямартаа л ангийн нөхөд маань намайг “Велький зохиолч” гэж дууддаг байв. Тийм их авьяас билигтэй байгаагүй ч үнэхээр л бичих, туурвих гэдэг зүйлд үнэхээрийн сонирхолтой байсан. Тэгээд л цагдаа мэргэжилтэй болсон хэдий ч хажуугаар нь нөгөө л шүлэг зохиолоо бичсэн хэвээр байв. Утга уянга, адал явдал гэх мэт бүхий л төрлөөр бичиж үзсэн.1985 оноос л яг хүүхдийн зохиолоор дагнан бичих болсон доо. Хүн бүр л асуудаг юм. Тэр олон аймшигтай, эмзэглэм хэргүүдтэй өдөр бүр нүүр тулж ажилладаг хүнээс яаж ийм гэгээлэг, гэнэхэн шүлэг, зохиолууд гардаг юм бэ? гээд. Үнэн л дээ. Өдөр нь би маш олон хүнд хэргүүд дээр ажилладаг. Харин орой нь хүүхдийн шүлэг, зохиол дээр сууна. Энэ нь өөрийгөө чөлөөлж, амрааж аль аль мэргэжлийнхээ эзэн байхад минь тусалдаг байсан. Хүнд, сэтгэлээс гарахгүй байгаа хэргээсээ хөндийрөх гэж би гэгээн цайлган хүүхдийн ертөнцийн баясам зүйлсийг төсөөлөн бичнэ. Хүүхдийн зохиол бүтээл миний тайвшрал,нөмөр нөөлөг байв. Тиймээс би энэ л мэргэжилдээ илүү дурлаж чадах бүхнээ зориулахаар эргэлт буцалтгүй шийдсэн.
ЦУГЛУУЛГААС МИНЬ МОНГОЛЫН ЧИХРИЙН ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙГ ХАРАХ БОЛОМЖТОЙ
-Хоёулаа таны сонирхолтой цуглуулгын талаар яриагаа үргэлжлүүлье. Та хэзээнээс чихрийн цаас цуглуулж эхэлсэн бэ? Цуглуулгыг нь харж суухад одоогоос 50, 60 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн чихрийн цаасыг яг л шинэхэн чихэр мэтээр хадгалж чадсан байна?
– Чи нягталж сайн харсан байна. Энэ чихрийн цаасны цуглуулга бол 60 жилийн өмнөөс хадгалж эхэлсэн зүйл. Балчир байхад ах нар маань чихрийн цаас цуглуулдаг байсан юм. Гэхдээ алга болсоор тийм ч олон үлдээгүй ээ. Цөөхөн үлдсэн хэд дээр нь нэмээд би өөрөө цуглуулж нямбай гэгч нь хадгалж эхэлсэн. Зөвхөн үндэсний үйлдвэрийн чихрийн цааснуудыг л цуглуулна. Энэ цуглуулгаас минь Монголын чихрийн үйлдвэрүүдийн түүхэн замналыг харж болно гэж би бахархалтай хэлэх байна. Монголчууд бид хэдэн онд ямар чихрийг ямар цаас боодол, нэртэйгээр үйлдвэрлэж худалдаалдаг байсан юм гэдгийг харж болж байна. Зөвхөн чихрийн цаас төдийхөн биш түүх, танин мэдэхүйн агуулгатай зүйл шүү дээ.
-Таны энэ цуглуулгыг хараад бодож суулаа. Яалт ч үгүй энэ хүнээс л “Дэлдэн чихэр” дууны шүлэг гарах байж ээ гэж. Та хэдэн онд энэ дууны шүлгийг бичиж байв?
– “Дэлдэн чихэр” дууны шүлгийг 1989 онд бичиж байсан.Тодхон санаагддаг юм. Орой ажил дээр сууж байхад:
Нүдээ аньсан ч чихэр
Нүүрээ дарсан ч чихэр гээд хоёр мөр зурс хийгээд л ороод ирсэн. Тэр оройноо л шүлгээ бичиж дуусгасан. Энэ дуу минь XX зууны хүүхдийн шилдэг 100 дууны нэгээр тодорсонд баяртай явдаг. Би нийтдээ хүүхдийн дуу болсон 130 шүлэгтэй. Энэ бол миний хамгийн том амжилт гэж бодож бахдаж явдаг юм.
ХҮҮХДИЙН 500 ГАРУЙ ШҮЛЭГ, ЗОХИОЛ БИЧСЭН. ЦААШИД Ч ЭНЭ САЛБАРТ ХИЙХ ЗҮЙЛ ОЛОН БИЙ
-Зөвхөн хүүхдийн дуу болсон шүлгүүд нь л 130 гэж байна шүү дээ. Та хүүхдэд зориулж нийт хэчнээн зохиол, бүтээл туурвиж байв? Нарийн тоо баримжаа бий юу?
– Хүүхдийн 500 гаруй шүлэг, өгүүллэг бичсэн. Одоогоор 34 хүүхдийн ном хэвлүүлсэн байна. Тэтгэвэртээ гарснаас хойш хүүхдийн зохиолын талаар судалгааны ажлууд хийж эхэлсэн. “Монголын зохиолчдын бүтээл- Хүүхдийн зохиол”, Хөгжмийн зохиолчдын бүтээл-Хүүхдийн дуунууд, Зохиолч болсон хүүхдүүд гээд судалгааны гурван том ном хэвлүүлсэн. Монголын хүүхдийн зохиолын 100 жилийн түүхийг энэ гурван номдоо багтаасан гэж хэлж болно. Цаашдаа илүү ихийг бүтээх юмсан гэсэн сэтгэл, тэмүүлэл бий. Тиймээс тэтгэврийн хөгшин би номын сантайгаа найзалж л өдрийг өнгөрөөж байна. Хүүхдийн зохиолын салбарт хийх зүйл зөндөө бий, дутагдаж байгаа зүйлс ч их байна.
-Өөрийн хүүхэд нас, сонирхол хобби, бүтээл туурвил, цаашид зорьж буй үйлсийнхээ талаар яриа дэлгэсэн өвгөн ах танд гялайлаа. Эрүүл энх, саруул сайхныг ерөөе.
-Та бүхэнд гялайлаа. Баг хамт олонд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.